Цээж бодолтын олон улсын тэмцээнээс 8 медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-06-21 13:35:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссик Кол хотод энэ сарын 16-20-нд болсон "Mental Arithmetic-2019" цээж бодолтын нээлттэй тэмцээнд Монголын Оюун ухааны академийн тамирчид амжиллтай оролцлоо.

Тэмцээнд хамгийн гайхалтай нь манай 6 настнууд ах, эгч нараа ялж 6 медалийн 3-ыг нь хүртсэн юм. Тухайлбал, Б.Манлай, Ш.Ариун-Од нар тус тус мөнгөн медаль, Х.Мишээл хүрэл медаль хүртэв.

Харин том насны ангилалд өрсөлдсөн үндсэн 6 тамирчны хувьд, 10 насны ангилалд Б.Эрмүүн хүрэл медаль, Э.Бумдарь шагналт 4-р байр, дээд түвшинд өрсөлдсөн Д.Хүслэн цом, алтан медаль, 11-12 насны ангилалд Г.Мөнх-Оргил, Б.Биндэрьяа нар мөнгөн медаль, Б.Итгэлмаа хүрэл медаль тус тус хүртэж бахдам амжилт үзүүллээ.

Тэмцээний хамгийн залуу, өсөх ирээдүйтэй тамирчнаар 4 настай Х.Ивээл шалгарч цом хүртэв.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ (Зүүнхараа) аймгийн сурагчдаас гадна академийн харьяа "Язгуур" бага сургууль, "Ивээлийн найзууд" цэцэрлэгийн хүүхдүүд багтсан юм. Мөн тамирчдын амжилтын үндэс болсон Хөвсгөл салбарын багш М.Эрдэнэсувд, Дархан салбарын багш Б.Мөнхзаяа, Зүүнхараа салбарын багш Э.Эрдэнэцэцэг, Баянмонгол салбарын багш Д.Нарангэрэл, Үндсэн салбарын ахлах багш Д.Баяраа, Б.Янжинлхам, Язгуур бага сургуулийн багш Ч.Эрдэнэчулуун, С.Сувданцэцэг, Ивээлийн найзууд цэцэрлэгийн багш Б.Болормаа нар багтжээ.

Энэхүү тэмцээнд манай баг тамирчид 8 медаль хүртсэнээр Солонгос, Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Малайз, Япон, Сингапур, Хонконг, Турк, Герман зэрэг олон оронд зохиогдсон оюуны спортын 53 тэмцээнээс нийт 78 цом, 879 медаль хүртэн амжилтын буухиагаа үргэлжлүүлж байна хэмээн Монголын Оюун ухааны академи мэдээлэв.


Холбоотой мэдээ