Гурван суманд авто замын хяналт шалгалтын пүү барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-20 16:31:38

Ховд /МОНЦАМЭ/. Монгол орны 6500 орчим км хатуу хучилттай авто замын зургааны нэг буюу 1154 км авто зам Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг.

Үүнээс 406 км зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг холбох үүрэгтэй баруун бүсийн босоо тэнхлэгийн зам юм.

Улсын болон орон нутгийн чанартай дээрх авто замын хяналт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбоотой тулгамдсан зарим  асуудлыг  хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох уулзалт болов.

Уулзалтад Азийн хөгжлийн банк, ЗТХЯ-ны төлөөлөл болон Ховд аймгийн удирдлагууд, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх техник туслалцааны төслийн баг,  зам тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжийн  төлөөлөл  оролцож, авто замын хяналт, хамгаалалтыг сайжруулах талаар ярилцлаа.

Энэ үеэр орон нутгийн зүгээс зарим сумын авто зам дагуу хяналт шалгалтын пүү барих санал гаргав. Мөн Ховд аймгаас Эрдэнэбүрэн сум чиглэлийн зам дагуу мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөлмөр эрхэлж буй иргэдийн санал хүсэлтийн  дагуу хатуу хучилттай замаас  шороон зам руу буух  гарц хийх  зэрэг  санал солилцов.

Уулзалтын үр дүнд  энэ онд Манхан сумын авто замын уулзвар дээр хяналт шалгалтын пүү барих, “Ховд АЗЗА” ТӨХК-д авто замын хамгаалалтын шинэ тоног төхөөрөмж нийлүүлж, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр болов. Мөн энэ онд Замын сангийн санхүүжилтээр тус аймгийн хоёр суманд суурин пүү барьж авто замын ашиглалтын хяналт, хамгаалалтыг сайжруулах юм. 






 

Холбоотой мэдээ