"Хүүхдийн хөгжил, хамгаалалд-Эмэгтэйчүүдийн оролцоо" чуулган боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-20 11:40:03

Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр Төв аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд "Хүүхдийн хөгжил, хамгаалалд-Эмэгтэйчүүдийн оролцоо" чуулганыг тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучууд, хөгжлийн газар, Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион явууллаа.

Чуулганд аймгийн Засаг даргын нийгмийн салбарын асуудал хариуцсан орлогч Ч.Сарангэрэл, нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, ГБХЗХГ-ын дарга Д.Бадамцэцэг, Эмэгтэйчүүдийн холбооны дарга Булган зэрэг албаны хүмүүс болон аймгийн 27 сумын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, эмэгтэйчүүдийн  100 гаруй төлөөлөл оролцсон юм.

Чуулганд хэд хэдэн илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тухайлбал: "Хүүхэд хамгаалал-эмэгтэйчүүд" илтгэлийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, "Гэр бүл-Хүнээр хүн хийх дэвшилт уламжлал ба орчин үе" илтгэлийг "Монголын Гал голомт хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө, "Хүүхдийн хөгжил, хамгааллын эрх зүйн орчин" илтгэлийг ГБХЗХГ-ын дарга Д.Бадамцэцэг, "Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал" илтгэлийг аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа нар тус тус тавилаа.

Чуулганд оролцогч эмэгтэйчүүд хүүхдийн хүмүүжилд эхчүүдийн, эмэгтэйчүүдийн оролцоо чухал болохыг онцлон, нийт эмэгтэйчүүдэд хандан уриалга гаргасан юм.

Бидний ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудын хөгжил хамгаалал, хүмүүжил төлөвшилд эхчүүд, эмэгтэйчүүд бидний зөв үлгэр дуурайлал, анхаарал халамж хамгаас чухал тул хүүхэддээ бахархан дуурайх нэгэн байж, зөв үлгэр үзүүлцгээе, хүүхдээ түүх соёл, ардын уламжлал, ёс заншлаа мэддэг эх оронч, эрдэм боловсролтой монгол хүн болгон төлөвшүүлцгээе, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлж, хайр халамж, халуун дулаан орчинд байлгая гэх мэт 11 уриалга гаргаж, аймгийн хэмжээнд дагаж мөрдүүлэхээр баталлаа.


Холбоотой мэдээ