Японд цунамигийн аюулын дохио өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-19 10:28:02

ТОКИО. /FOXNEWS/. Өнгөрсөн шөнө Японы баруун хойд нутагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунамигийн аюулын дохио өгчээ.


Газар хөдлөлт Саката хотоос баруун өмнө зүгт 50 орчим километрийн зайд байрладаг Ямагатагийн далайн эрэг орчмын усанд 10 километрийн гүнд үүссэн гэж тус улсын цаг уурын агентлагаас мэдээлэв.


Газар хөдөлсөнтэй холбогдуулан Нийгата хот дахь Кашивазаки-Карива цөмийн цахилгаан станцын долоон реакторын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд цахилгаан станцад ямар нэг доголдол гараагүй байна.


Япон улс нь газар хөдлөлт, цунамигийн хамгийн идэвхитэй бүсэд оршдог орнуудыг нэг юм. 2011 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус улсын зүүн хойд эрэгт 9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунами үүсч 18 мянга гаруй хүн амиа алдсаны зэрэгцээ Фүкүшимагийн цахилгаан станцад цөмийн гамшгийг үүсгэсэн билээ.

Холбоотой мэдээ