Цагаан эргийн овоог тахилаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-06-18 15:14:05

Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын харьяат Борлууд овгийн Баяртын гурван хүү, зургаан охин болон тэдгээрийн үр хүүхдүүд Цагаан эргийн овоог энэ сарын 16-ны өдөр тахиж, бэсрэг наадам хийсэн байна. Энэ үеэр Улсын харцага Т.Баасанхүү, Улсын начин Ж.Алтансүх нараар магнайлуулсан хүчит 64 бөхийн барилдаан болсноос гадна зургаан насны хурдан морьдын уралдаан болжээ.

Бөхийн барилдаанд Тэс сумын харьяат, "Увс нуур" галын бөх, аймгийн арслан Ж.Нямрдэнэ түрүүлж, Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Увс нуур" галын бөх, Улсын харцага Т.Баасанхүү үзүүрлэсэн байна. Шөвгийн дөрөвт Тэс сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 189-р анги, "Увс нуур" галын бөх, аймгийн арслан Н.Хүрэлсүх, Тэс сумын харьяат, аймгийн арслан Б.Бадарч нар шалгарчээ.

Их насны морьдын уралдаанд Тэс сумын уяач П.Лхагвасүрэнгийн монгол хээр, азарганы уралдаанд мөн сумын Д.Балжиннямын хар, соёолонд Ховд сумын уяач Б.Бямбажавын хүрэн хязааланд Завхан сумын уяач Г.Сүхбаатарын халзан, шүдлэнд мөн сумын уяач Д.Эрдэнэсүрэнгийн бор, дааганд Тэс сумын уяач Б.Батбаярын хүрэн халзан тус тус түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлуулсан байна. 

Увс нуурын зүүн хөвөөнд орших Цагаан эргийн овоог баядууд 300 гаруй жилийн өмнөөс тахиж ирсэн түүхтэй юм.

Холбоотой мэдээ