Жирэмсэн эмэгтэйг ажлаас нь халсан гэх мэдээлэлд тайлбар өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-06-17 23:40:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, жирэмсэн эмэгтэйг амралттай байх хугацаанд нь ажлаас халсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр тарсан. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Ган-Очир албан ёсны тайлбар өглөө.

Тэрээр, удирдах албан тушаал хийж байгаад зохих хууль журмуудыг зөрчсөн гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн хэд хэдэн хүн бий. Бүгд шүүхийн шатанд яваа. Сүхбаатар нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ-т ажиллаж байсан жирэмсэн эмэгтэйг амралттай байх хугацаанд хууль бусаар ажлаас нь халсан гэдэг бол ташаа ойлголт гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүн дээр төрийн зүгээс албан ёсны тайлбарыг хэлье.

Төрийн байгууллагуудад санхүүгийн хяналтын шалгалт тогтмол хийдэг. Өнгөрсөн жилийн аудитын дүгнэлтээр хэд хэдэн санхүүгийн дүгнэлт энэ хүний нэр дээр гарсан. Улмаар аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг гарч дахин ажлыг нь шалгаж, аймгийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэн асуудлыг шийдсэн. Ингэхдээ тухайн эмэгтэйг шууд чөлөөлөөгүй. Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ-ын зохион байгуулагч гэдэг албан тушаалд томилсон. Гэвч өөрөө энэ ажилдаа ирээгүй удсан учир олон хоног ажил тасалсан гэх шалтгаанаар чөлөөлсөн. Ингээд дахиад шүүхээр явж, шүүхийн шийдвэр гарч ажилдаа дахин томилогдсон. Гэвч санхүүгийн олон удаагийн алдаа дутагдлыг өнөө хүртэл залруулаагүй учир хамгийн эцсийн чөлөөлөх захирамж гарсан. Санхүүгийн асуудалтай холбоотой зөрчлүүд одоогоор хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Мөн төлбөр барагдуулах тухай аудитын дүгнэлтүүдийг тухайн эмэгтэй өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл өөрөө гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэвч барагдуулаагүй. Одоо ч тухайн эмэгтэй сүүлийн чөлөөлсөн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй гээд шүүхэд өргөдөл гомдол гаргаад явж байгаа. Бодит байдал ийм байна. Хамгийн гол нь төрд учруулсан хохирлоо барагдуулахыг л бид шаардаж байгаа гэв.

 

Холбоотой мэдээ