“Хааны эрэлд-2019”-д Израил, Йордан, Молдова улс анх удаа оролцож байна

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-06-14 13:34:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энхийг дэмжих олон улсын “Хааны эрэлд-2019” хээрийн сургууль маргааш манай улсад уламжлал ёсоор Тавантолгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн төвд эхлэх гэж байна.

Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас өнөөдөр үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Хааны эрэлд-2019” олон улсын сургуулийн удирдагч, Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Цогтжаргал, АНУ-ын талын сургуулийн удирдагч, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын Тэнгисийн явган цэргийн хурандаа Уэйн Бодин, АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачлага” (GPOI) хөтөлбөрийн удирдагч Скотт Вейд нар оролцлоо.


Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удидлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Цогтжаргал, “Бид “Хааны эрэлд-2019” сургуулийг уламжлал ёсоор Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтран 17 дахь удаагаа зохион байгуулж байна. Мөн АНУ-ын “Дэлхийн энхийн төлөөх санаачлага” байгууллагатай хамтарч байна. Энэ удаагийн сургуульд дэлхийн 37 орны 500 орчим, Монголын талын цэргийн албан хаагчдыг оролцуулаад нийт 1400 албан хаагч оролцож буй”-г танилцуулав. Тэрээр олон улсын энэ сургуулийн зорилго нь дэлхийд энхийг тогтооход олон улсын цэргийн багийнхан хамтран ажиллах дадлагыг олгоход оршдогийг тодотгож байв.

Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцогчид жил бүр нэмэгдэн эгнээгээ өргөжүүлж байна гээд энэ жил Европоос Молдова, Африкаас Бенин, Замби, Руанда, Того зэрэг улсаас гадна мөн Израил, Йордан зэрэг тив тивийн улс орнууд нэмэгдэн анх удаа оролцож буйг онцолж байв. Мөн “Хааны эрэлд-2019” сургууль нь энхийг дэмжих ажиллагааны бүх шатанд ажиллах цэргийн албан хаагчдыг бэлтгэдэг онцлогтойг хэлж байв. Өөрөөр хэлбэл, олон улсын цэргийн штабт ажиллах ажилтнуудыг бэлтгэдэг байна. Энэ талын сургалт дадлага өчигдрөөс эхэлж, Улаанбаатар хотноо “Шангри-Ла” зочид буудалд болж буйг мэдээлэв.

Мөн энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бригад, батальоны штабын ажилтнуудыг бэлтгэж сургаж дадлагажуулах ажиллагаа болон чиглэлийн үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагчдын сургалт зохион байгуулагдаж байгаа аж. Нэг ёсондоо Монгол Улсад зохион байгуулж ирсэн “Хааны эрэлд” олон сургууль нь энхийн төлөөх ажиллагааны бүх хүрээг хамарсан сургалт, дадлагыг олон улсад явуулж чадаж буй, өөрийн гэсэн онцлогтой, олон улсад Монгол Улсын нэрийн хуудас болж буйг хурандаа Ч.Цогтжаргал онцоллоо. Мэдээллийн дараа оролцогчид сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Энэ жил сургалтууд нэмэгдэж байгаа юу?

-Хэд хэдэн сургалтын цэгүүд нэмэгдэж байгаа. Энэ нь нэлээн өндөр шатанд цэргийн ажиллагаа явуулах энхийг дэмжих ажиллагааны сургалт юм. Тиймээс тусгай хүчний ажиллагааг шинээр нэмж оролцуулж байна. Ер нь энхийг дэмжих гэдэг нь шууд байлдаж дайтаад байхгүй, аль болох цэргийн хүч хэрэглэхгүйгээр нөхцөл байдлыг тогтворжуулж, асуудлыг шийдэж ард иргэдийн аюулгүй байдлыг хангадаг цэргийн ажиллагааны нэг онцлог хэлбэр байдаг учраас арга, техник нь өөр байдаг.

Энэ арга техникийг олон улсын цэргийн багийнхан хамтарч гүйцэтгэхийн тулд бид нар хоорондоо маш сайн ойлголцсон байх ёстой. Улс бүр өөр өөрийн цэргийн дүрэм, цэргийн ажиллагааны тактиктай, дээр нь ёс заншил өөр, тус бүрийн онцлогтой байдаг боловч бид нэг зорилгын төлөө бүгдээр гар нийлэн ажиллаж байж үүргээ амжилттай биелүүлнэ. “Хааны эрэлд” ажиллагаа энэ нэгдмэл байдлыг хангахад л чиглэдэг юм.

-Шинээр нэмэгдэж буй улсууд НҮБ-ын энхийг сахиулах, дэмжих ажиллагаанд оролцож буй улсууд уу, эсвэл оролцохоор ийнхүү анх удаа хамрагдаж байна уу?

-Шинээр оролцож буй улсуудын дотор Энхийг дэмжих ажиллагаанд өмнө нь олон жил оролцсон туршлагатай орнууд ч байна. Ер нь бол, энхийг дэмжих ажиллагаа өөрөө тасралтгүй явагдаж байдаг үйл ажиллагаа юм. Тийм учраас шинэ цэргийн албан хаагчид байнга орж байдаг.

“Хааны эрэлд”-ийг жил бүр зохион байгуулдаг нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг байнгын давтамжтай бэлтгэж байна гэсэн үг. Тиймээс Энхийг дэмжих ажиллагаанд шинээр орох гэж байгаа, энэ талын сургалтын тогтолцоо нь сайн бүрдээгүй улс орнуудын хувьд манайх руу хандаж нэмэгдэн оролцож байгаа гэв.




Энэ талаар АНУ-ын талын сургуулийн удирдагч, хурандаа Уэйн Бодин хэлэхдээ, “Хааны эрэлд-2019”-д шинээр орж буй улсуудын хувьд зарим нь туршлага мэдлэгээ сайжруулах гэсэн зорилгоор оролцож байна. Зарим улсын тухайд, Өмнөд Судан улсад Монголын батальонтой хамтран үүрэг гүйцэтгэж байсан улс орны цэргийн албан хаагчид ч байгаа юм. Мөн Монголтой хөрш зэргэлдээ, харилцан ажиллагаатай байдаг улсуудын оролцогчид байгаа.

Энэ нь Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой, харилцаагаа сайжруулах гэсэн, үүрэг гүйцэтгэх үед хамтран зохион байгуулах ажиллагааг илүү чанартай явуулах гэсэн зорилгуудыг агуулж “Хааны эрэлд”-д өргөнөөр оролцож байна. Мөн зарим нь шинээр Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэж буй улс орнууд ч байна”  гэв.

Энэ дашрамд дурдахад, “Хааны эрэлд-2019” сургуулийн АНУ-ын талын удирдагчаар манай улсад ирж ажиллаж буй Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын Тэнгисийн явган цэргийн хурандаа Уэйн Бодин нь Ирак, Афганистанд алба хааж, үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай нэгэн аж. Энэ удаагийн “Хааны эрэлд-2019” олон улсын сургуулиар Тавантолгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн төвд II шатны эмнэлгийг шинээр нээж байна.

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ