Угандад “Эбола” вирусээр халдварласан хүмүүс нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-06-14 12:38:51

КАМПАЛА. /BBC/. Уганда улсад “Эбола” вирусний халдвар авсан 50 настай эмэгтэй нас баржээ. Түүний таван настай ач хүү мөн уг вирусээр халдварласан байсан бөгөөд лхагва гарагт нас барсан байжээ.


“Эбола” вирусний халдварын тархалт ноцтой хэмжээнд хүрээд буй Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улстай хил залгаа оршдог Уганда улсад бүртгэгдсэн “Эбола” вирусний халдварын эхний тохиолдол тэд болсон юм. Сүүлийн 10 сарын хугацаанд Конгод уг халдварын 2000 гаруй тохиолдолд бүртгэгдсэнээс 1400 орчим хүн нас барсан байна.


Халдвар авсан хүмүүс гэр бүлийн хамтаар Конго улсаар аяласны дараа өнгөрсөн ням гарагт эх орондоо эргэн ирсэн байжээ. Үүнээс гадна “Эбола” вирусээр халдварласан байж магадгүй гурван хүн Уганда улсын баруун өмнөд нутагт байрладаг тусгаарлах төвөөс зугтсан байна.


Их Британид төвтэй “Wellcome Trust” био-анагаахын судалгааны төвийн тэргүүн Жереми Фаррарын хэлснээр, 2014-2016 онд Баруун Африкт дэгдэж байсан “Эбола” вирусний тархалтын араас бичигдэхүйц хэмжээнд хүрээд буй уг халдварын одоогийн тархалт “зогсох шинжгүй” байгаа ажээ.   

Холбоотой мэдээ