Гадаад хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-13 20:30:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг- ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөгөөн, үзэсгэлэн худалдааг зургаадугаар сарын 12-13-ны өдөр Мандалговь хотноо амжилттай зохион байгуулж, хоёр улсын, хоёр аймгийн хамтын ажиллагааны үүд хаалгыг нээлээ.

Энэ жил Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь ойгоо угтан зохион байгуулж байгаа бүтээлч ажлуудын нэг нь болж байгаагаараа онцлогтой.

Өчигдөр хоёр улсын хоёр аймгийн үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ хамтарсан үзэсгэлэнг гаргаж, худалдаа хийсэн бол өнөөдөр зөвлөгөөнөө зохион байгуулж, хамтран ажиллах чиглэлээ тодорхойлон, 6 чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус зөвлөгөөнд Дундговь аймгийн удирдлагууд, холбогдох хэлтэс, агентлагийн дарга нар, 15 сумын Засаг дарга, бизнес эрхлэгчид, Баяннуур аймгаас Баяннуур хотын Ардын Засгийн ордны нарийн бичгийн орлогч дарга Алтанчулуу, АЗО-ы гадаад харилцааны албаны орлогч дарга Саранцэцэг, Тэргүүлэх зэргийн компаниудын бизнес холбооны дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга Фэн Бин, Тэргүүлэх ААН-ийн хүнсний ногоо, хүнсний ногоочдын холбооны дэд ерөнхийлөгч Мэн Хуй Фанг, Бээжингийн ХАА-н бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Баяннуурын ХАА, МАА-н салбарын тэргүүлэх компаниудын холбооны дэд ерөнхийлөгч Вү Шуй Фэнг нарын мэргэжлийн холбоод, тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, үйлдвэрлэл эрхлэгчид нийт 150 орчим төлөөлөгч оролцжээ.

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Баяннуур аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болж, харилцан туршлага солилцох, мэдээлэл түгээх, үйлдвэрлэл эрхлэгчдийн бодит орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны эхлэлийг бий болгох нь энэ хоёр өдрийн үйл ажиллагааны гол зорилго юм” гээд аймгийнхаа нийгэм эдийн засгийн байдал, жижиг дунд үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл, цаашдын зорилт, бодлого, чиглэлээ танилцуулж, хоёр аймгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, ажиллахаа илэрхийлсэн юм.

Тус зөвлөгөөнд Баяннуурын тэргүүлэх зэргийн компаниудын бизнес холбооны дэд ерөнхийлөгч Сүндий “Баяннуурын тэргүүлэх зэргийн компанийн үйл ажиллагааны тухай”, Баяннуур аймгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Д.Ариунжаргал “Хил дамнасан цахим худалдаа буюу уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд борлуулах боломж ба гарц” төслийг танилцуулсан бөгөөд Дундговь аймгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, том зах зээлд гаргахад юуг анхаарах талаар саналаа хуваалцсан юм.

Баяннуур аймгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Д.Ариунжаргал хэлэхдээ “Аймгуудад маш олон жижиг дунд үйлдвэрлэгчид байдаг. Гэтэл тэд нарын хувьд “брэнд хөгжүүлэх буюу бүтээгдэхүүн хөгжүүлэх” гэдэг зүйл ерөөсөө байдаггүй. Бүгд л бор зүрхээрээ нэг нэг жижиг уут, сав баглаа боодол барьчихсан л явж байдаг. Гэтэл энэ бүхэн маань Хятад улсад зарагдах боломжгүй. Яагаад гэвэл Хятад улс бол сав баглаа боодлын хувьд маш өндөр түвшинд хүрчихсэн.

Ямар нэг бүтээгдэхүүн байхад түүнийгээ брэнджүүлээд, сав баглаа боодлоо сайжруулахаар өөрөө бүтээгдэхүүн маань үнэ нь нэмэгдэж байдаг. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэгчид маань манай “Хил дамнасан цахим худалдаа” төсөлд хамрагдаж, Хятадын зах зээлд гаргахыг хүсч байгаа л бол хоорондоо нэгдэж, “Дундговь аймаг” гэдэг нэг брэнд бүтээгдэхүүн ч гэдэг юм уу, сав баглаа-хайрцаг бөгөөд стандарт дээр л сайн ажиллаад тухайн бүтээгдэхүүнийг малчид хэн нь ч байсан стандарт, орц, технгологиор нь хийгээд явах юм бол маш том боломж байна. Тиймээс энэ том боломжийг ашиглаад, аймгийн удирдлагууд үүнд бодлогоо чиглүүлээд ажиллах хэрэгтэй юм” хэмээн онцолсон юм.

Зөвлөгөөний төгсгөлд хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, ХАА, МАА, үйлдвэрлэл, эрүүл мэнд, цахим худалдаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гар урлалыг хөгжүүлэх чиглэлээр зургаан санамж бичигт гарын үсэг зурлаа.

Холбоотой мэдээ