Сүүгээрээ импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-13 09:17:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотноо болсон ӨМӨЗО-ы Баяннуур, Дундговь аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтарсан үзэсгэлэн худалдааны үеэр хамгийн их худалдан авагчтай байсан лангуу бол Гурвасайхан сумын малчин Н.Ганхуягийн гэр бүлийн  бүтээгдэхүүний худалдаа байлаа.

Түүний эхнэр Д.Хорлоо сум, аймагтаа төдийгүй улсдаа ч цагаан идээгээрээ нэрээ гаргасан эмэгтэй. Малчин өрхүүд нийтээрээ малаас гарсан сүүгээ уламжлалт аргаар бэлтгэн өрөм, тараг, ааруул, ээзгий, бяслаг, тос зэрэг бүтээгдэхүүнийг ихэвчлэн үйлдвэрлэдэг бол Д.Хорлоо сүүгээрээ импортоор орж ирдэг зарим бүтээгдэхүүнийг орлох тийм бүтээгдэхүүн гаргах гэж эрэл хайгуул, туршилт хийн амжилтад хүрч яваа эмэгтэй.  

Н.Ганхуягийн лангуун дээр цагаан идээнээс гадна “молоко”, сүүн чихэр, шар сүүн цэлцэгнүүр, хүмүүлэн байцаа, “говийн амтлагч” хүмүүлэн дарш гээд сонин, содон бүтээгдэхүүнүүд өрөөстэй, үзэсгэлэн худалдааг нээхээс эхлээд дуустал худалдан авагчдаар дүүрэн байлаа.

Шар сүүг ихэнх малчид асгадаг, ажилтай зарим нэг нь арьс, шир идээлдэг бол шар сүүнд кальци хамгийн ихээр агуулагдаж байдгийг мэдсэн тэрээр амтлаг цэлцэгнүүр хийж гаргажээ.

Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйдаа түшиглэсэн ХАА-н орон. Тэр дундаа Дундговь аймгийн хувьд эдийн засгийн гол үндэс нь мал аж ахуй байдаг. Малчид ихэвчлэн зун цагт сүү саалиа авч, идээ цагаагаа бэлтгэдэг бол эднийх жилийн дөрвөн улиралд байнгын үйлдвэрлэл эрхэлдгээрээ онцлогтой. Өвөлдөө ингэ, үхрээ сааж, өвөлжин цагаан идээ бэлтгэдэг ажээ.

Н.Ганхуягийн гэр бүл 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд улс, аймаг, сумын хэмжээнд болсон үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож, Шинийг эрэлхийлэгч, Шинийг санаачлагч, Экологийн цэвэр нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр шалгарч, удаа дараа “Шилдгийн шилдэг” цомын эзэн болж байжээ.

2018 оны сүүлээр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос улсын хэмжээнд салбар салбартаа амжилттай ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг шалгаруулж, “Алунгоо" цомын эзнийг тодруулах үйл ажиллагааг зохион байгуулсан. Монгол Улсдаа анх удаа зохион байгуулсан шалгуур өндөртэй энэ том өргөмжлөлийн эзнээр Д.Хорлоо шалгарч “Оны малчин эмэгтэй" болж байсан нь бахархууштай.

Хөдөлмөрч, шинийг эрэлхийлэгч, бүтээлч энэ гэр бүл малчны хотноос Нутгийн брэнд, Шилдгийн шилдэг, экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэн олон түмэндээ хүргэж, малчин удмаа уламжлан, улмаар хүний биед хэрэгцээтэй кальци, амин дэмээр баялаг бүтээгдэхүүн гаргах гэж хичээж, зүтгэж яваа юм. 

Холбоотой мэдээ