“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой Монгол, ОХУ-ын хэлэлцээрийг хүчингүй болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав.
“Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах арга
хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолоор ОХУ-ын Засгийн газрын
эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн" ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр”
XXК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн
өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан.
Энэ хүрээнд Засгийн газраас "Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн
“Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн
хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөрийг эх үүсвэрийн дарааллаар
суутган тооцох, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49
хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах болсон. Улмаар "Эрдэнэт
үйлдвэр", "Монголросцветмет"-ийг төрийн өмчит хязгаарлагдмал
хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-аас
соёрхон баталсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын
Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай 2004 оны 1
дүгээр сарын 8-ны өдрийн хууль; Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр"
хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын
Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын
хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн
мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ирүүлснийг хуралдаанд
оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжсэн юм.
Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийг
нээлттэй компани болгох, хувьцааг дотоодод нээлттэй худалдах эсэхийг
тодрууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болон ажиллаж буйг
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Засгийн газар 2031 он
хүртэл тус үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж буйг онцолсон юм.