НордАртын монгол уран бүтээлчид

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-06-12 12:10:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


ХБНГУ-ын Бюделсдорф хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "НордАрт" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 21 дэх удаагийн нээлтээ 5.000 зочидтойгоор амжилттай хийлээ.


Европд нэр хүндтэй, томоохонд тооцогддог олон улсын дүрслэх урлагийн тус үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээчлдээс шалгарсан 317 уран бүтээлчид оролцож байгаа аж. ХБНГУ, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, “НордАрт” Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд манай улсын 3 дахь удаагийн бие даасан павильон "Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ сэдвээр “НордАрт 2019”-т тусгай төслийн хүрээнд зохион байгуулагдахаар болсон юм. Одоогоор тус үзэсгэлэнд манай орны 23 уран бүтээлч 53 бүтээлээрээ эх орноо төлөөлөн оролцож байна.


Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Д.Ганбат гэргий хатагтай Б.Тэмүүлэнгийн хамт хүрэлцэн ирж “НордАрт” үзэсгэлэнгийн баримлын цэцэрлэгт хүрээлэнд зочилж тэнд дэлгэгдсэн баримлуудтай танилцахын сацуу үзэсгэлэнгийн гол орон зай болох түүхэн байгууламжинд дэглэгдсэн Монголын тусгай төслийн хүрээн дэх үзэсгэлэнгийн бүтээлүүдийг үзэж сонирхжээ.




Мөн үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд Шлесвиг Холштайн мужийн захирагч ноён Даниел Гунтер, их хурлын дарга Клаус Шлий, Франц Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамны соёл урлагийн зөвлөх Катерине Бриат болон БНХАУ-аас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамны соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх Чен Жианян, Бюделсдорф хотын захирагч Райнэр Хэнрихс зэрэг нэр хүндтэй төлөөлөгчид уригдан ирсэн бөгөөд уг арга хэмжээнд оролцож буй орнуудын уран бүтээлчдийг төлөөлж үг хэлсэн байна. 


Үүнээс гадна өнгөрсөн жилийн үзэсгэлэнд оролцож Ёханна Альман, Ханс Юлиус нарын нэрэмжит шагналтан буюу 10 мянган еврогийн эзэн болсон Чехийн уран бүтээлч Михал Габриел, үзэгчдийн шагнал хүртсэн Шиан Жин, Зиан Дали, Екатерина Цахарова нар уригдан оролцож шинэхэн уран бүтээлээ толилуулж байна.


Басхүү үзэсгэлэнгийн “ACO Wagenremise” талбайд 30 жилийн өмнө нэгдэж, томоохон цар хүрээтэй, чанартай урлагийн бүтээлүүдийг туурвих болсон хойд Германы реалист уран бүтээлчдийг онцгойлон авч үзэж бүтээлийг нь толилуулж байна. Энэ оны нэгэн онцлууштай зүйл нь “НордАрт” Хятадын уран бүтээлчдийн оргил бүтээлүүдээс үзэсгэлэндээ дахин тавьжээ. Жишээлбэл Лю Ровангийн “Хүн сармагчин”, Шү Биний “Галт шувуу”, Дэн Гуо Яны “Ноагийн цэцэрлэг” болон Ши Жиан Жуны “Вавилионы оршин суугч” бүтээлүүдийг үзэж боломжтой.


“НордАрт” олон улсын үзэсгэлэнгийн шагналт уран бүтээлч А.Очирболдын “Дэгрээ” хэмээх томоохон хэмжээтэй инстоляц бүтээл цэцэрлэгт хүрээлэнгийн төвд хэдийн өөрийн орон зайг эзлэн босчээ. Урлаг сонирхогчид ч мөн энэхүү сонин нэртэй өвөрмөц бүтээлийг сонирхоод эхэлсэн байна.




Монгол Улс нь “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улсын Соёлын Элч, куратор О.Оюунтуяа болон урлагийн түүхч, куратор Ж.Бодьбаатар нарын дэглэсэн павильоноор оролцож байгаа бөгөөд Төрийн соёрхолт Л.Ганхуяг, С.Саранцацралт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дагвадорж нар болон дунд, залуу үеийн уран бүтээлчдийн туурвилууд олон улсын урлаг сонирхогчид, шүүмжлэгч нарын хүртээл болов.


Олон улсын шүүгчдийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн 23 уран бүтээлчийн 50 гаруй бүтээлийг ХБНГУ-ын тээвэр зуучлалын "Милитцер & Мюних" концерний 40 тоннын даацтай ачааны машин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ОХУ-аар дамжин тээвэрлэж, Бюделсдорф хот дахь "НордАрт" олон улсын үзэсгэлэнгийн талбайд аваачсан байдаг. Ингэж урт замыг туулсан урлагийн гайхалтай бүтээлүүд урлаг сонирхогч олны мэлмийд хүрчээ. "Ачааны машин маань Белорусийн хил дээр улаан өндөгний баярын улмаас дөрөв хоног саатсан" гэж Монголын павильоныг хариуцсан куратор О.Оюунтуяа ярьсан юм. Тэрээр уран бүтээлүүдийг тээвэрлэхэд манай орны Гадаад харилцааны яам, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс үзүүлсэн туслалцаа дэмжлэгийг онцлон дурдаж байлаа.


Хойд Германы Бюделсдорф хотод жил бүрийн зун уламжлал болон зохион байгуулагддаг “НордАрт” олон улсын үзэсгэлэнг үзэж сонирхохоор хөрш зэргэлдээ Европын орнууд болон бусад улс орнуудаас дунджаар 100 мянга гаруй урлаг сонирхогч, цуглуулагч, шүүмжлэгч нар хүрэлцэн ирдэг гэнэ.


БОЛОМЖ




Энэхүү олон улсын үзэсгэлэнд оролцож буй тухайн орон бүр уламжлал болон орчин үеийг хооронд нь сүлэлдүүлсэн урлагийн хэл, илэрхийллээр өөрийн орны дүр төрхийг олон улсад сурталчилдаг байна. Тиймээс олон улсад Монголын дүр төрхийг эерэгээр төлөөлж, таниулах томоохон боломж бидний өмнө нээлттэй буйг МУ-ын Соёлын элч О.Оюунтуяа, Элчин сайд Д.Ганбат нар онцолж байв. Мөнхүү нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн уран бүтээлчид Монголын павильон руу тасралтгүй хөврөх зочдод бүтээлээ танилцуулсан нь бахархам сайхан дүр байсныг тэд давхар онцолсон юм.


Арга хэмжээ ирэх 10 дугаар сарын 13-ныг дуустал үзэгчдэд нээлттэй бөгөөд олон улсын үзэсгэлэнгийн үргэлжлэл нь болж ирэх 8 дугаар сарын 12-ноос 9 дүгээр сарын 5-ны хооронд анх удаа “НордАрт –Улаанбаатар олон улсын уран баримлын симпозиум” зохион байгуулагдана. Үүнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 15 орны уран бүтээлчид монгол орны нийслэл Улаанбаатарт айлчилж ирэх гэнэ. Тэд Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллах ба энэ хугацаанд туурвисан бүтээлүүд нь Сүхбаатарын сүндэрлэж олон нийтийн хүртээл болох юм.


Ямартаа ч “НордАрт”-ыг зорин очсон үзэгчид А.Очирболдын “Дэгрээ”, У.Одмаагийн “Би дотроо байна” керамик, П.Ганбатын “Битүү гэр” зэрэг олон олон урлагийн бүтээлүүдийг сонирхон үзэж, өндрөөр үнэлж байна. Уран бүтээлчийн гарт хэрэгтэй багаж нь байгаад өөрөө бүтээж чадвал дэлхийн тавцан бэлэн байгаа гэдгийг Монголын 23 бүтээлч бидэнд харууллаа. 

Холбоотой мэдээ