Д.Сурмаажав: Би мод тарьж байгаа энэ ажлаа л буян гэж боддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-10 17:14:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Тэтгэврийн хэдэн төгрөгөө мод, цэцэг тарихад зориулж, хоёр суга таяг тулсан үедээ ч мод тарих, байгууллагуудыг цэцэгжүүлэх ажлаа орхилгүй амьдралынхаа 40 гаруй жилийг энэ ажилдаа зориулж яваа энгийн мөртлөө эгэлгүй нэгэн эмэгтэйтэй энэ удаа ярилцлаа. Түүнийг Дашийн Сурмаажав гэдэг. Дундговь аймгийн Сайнцагаан сумын наймдугаар багт амьдардаг.


-Та их олон жил өөрийн сэтгэлээр мод, цэцэг тарьж, байгууллагуудыг цэцэгжүүлэх ажлыг хийж байгаа. Ер нь хэдийнээс энэ ажлаа эхлүүлсэн бэ? Байгаль эхээ нөхөн сэргээх энэ ажилд ийнхүү сэтгэл зүрхээ зориулсан нь сайхан санагддаг шүү.

-Би чинь ер нь бол хол нутгийн хүн шүү дээ. Энэ говь нутагт бэр болж ирээд олон жил амьдарч байна. Анх Говь-Угтаал суманд амьдарч, ажиллаж байх үеэс л цэцэрлэгжүүлэх ажлыг эхэлсэн дээ. 1978 он л байсан байх даа.

Тэр үед цэцэг тарих ажлыг анх байгууллагаа тохижуулах гэсэн бодлоос л эхэлсэн. Тэгээд л миний “сонирхол” болоод, энэ ажилдаа бүр маш их дуртай болчихсон.

Говь-Угтаал сумын мал эмнэлгийн хашааг цэцэрлэгжүүлж, зүлэгжүүлсэн. Тэр үед тэжээлийн үзүүлэх сургууль гээд болдог байлаа. Тэжээлийн ургамал вандуй, наранцэцэг, сибирийн улиас хүртэл тарьж байсан шүү. Т.Рагчаа сайд, С.Бүдрагчаа гээд төрийн сайд, дарга нар ирж үзээд шагшраад л явдаг байлаа.

-Яагаад тэгдэг байсан юм болоо, тэр үед мод, цэцэг тарьдаг хүн цөөн байсан юм болов уу?

-Цөөн байсан, үгүйг мэдэхгүй юм аа, хийсэн ажил маань л тэдэнд сайхан санагдсан байх. Говийн элсэрхэг хөрсөнд юм ургуулна гэдэг бас ч гэж хүндхэн ажил шүү дээ. Би тэр үед тэжээлийн ургамлаас гадна улаан лооль, чацаргана, жимсний мод, олон төрлийн цэцэг тарьж ургуулдаг байсан. Их гоё ургана. 7 жил болоход бараг л надтай чацуу болтлоо ургасан ш дээ.

Говь-Угтаал суманд 7 жил амьдраад, дараа нь аймгийн төвд ирсэн. Тэндээс манайхыг нүүхэд миний моднууд чинь ёстой “баяртай баяртай” гэж байгаа юм шиг л янзын сайхан харагдаж байсан. Ёстой гоё байсан даа.

Энд ирсэний дараа манай Мандалговь хотын захирагч байсан Ө.Энхтүвшин дарга дуудаад, “Та Говь-Угтаал суманд их сайхан юм хийж, цэцэрлэг байгуулсан байна лээ, тиймээс одоо энд ажилла” гээд би Хотын захиргааны цэцэгчин болсон.

-Та ер нь агрономич мэргэжилтэй юу, ингэж мундаг үр дүнтэй ажиллаж байгаа юм чинь?  

-Надад энэ ногоо тарих мэргэжил байхгүй ээ, би ер нь бол тогооч хүн. Тэгээд сонирхлоороо л энэ бүгдийг тарьж, ургуулж, арчилж явна даа. Мод тарих энэ ажлыг өөрөө хийж, туршиж, ном сонин сэтгүүл харж, мундаг хүмүүсийн хийж байгааг уншиж, судалж байж л өдий зэрэгтэй болсон.

Хаа газар мод тарина гэдэг чинь насны буян. Би чинь хол нутгийн хүн болохоороо надад амьдрал өгсөн, буянаа харамгүй хайрласан энэ нутагт буян хийхийг боддог юм.

Анх Говь-Угтаалд тарьж эхлээд л энэ ажилд бүр дурласан. Тэгээд ирчихээд Хотын захиргааны цэцэгний хүлэмжид цаг наргүй ажиллаад “амралтгүй ажиллалаа” гээд даргадаа зэмлүүлж байлаа. Тэгтлээ л цэцэг, ногоонд сэтгэлээ өгсөн байгаа юм даа.

-Танай хашаа их гоё болжээ, одоо энд ямар ямар мод ургаж байна даа?

-Би энэ хашаандаа 20 гаруй чацаргана, хайлаас, тэгээд өөр олон төрлийн ургамал тарьж байна. Дандаа үрээр нь тариад л ургуулаад байгаа.

Өнгөрсөн жил миний энэ чацаргана 20 гаруй кг жимс өгсөн. Эр, эм чацаргана гэж байдаг. Энд нэг л эр суулгац тарьсан. Тэгээд мундаг ургаж байна. Бас мойл тарьсан. Энэ ургамал гэдэг чинь яг л хүн шиг амьдралтай ш дээ. Өлсөнө, цангана, хална, хөрнө. Энэ бажуун гэхэд л яг эмэгтэй хүн шиг, их хөөрхөн.

Тав, зургаан жилийн өмнө би энэ хармагийг Өөшид 7 хоног амрахдаа үрий нь авчраад тарьсан. Учиргүй их жимс өгдөг юм. Одоо яг ингээд цэцэглэх гэж байна. Улаанбаатараас ирж хүмүүс хармагны суулгац аваад явсан.

Шар хуайсыг бас үрээр нь тарьж ургуулсан. Цагаан төмс, бажуун, загасгал гээд эмийн ургамал тарьсан. Заг авчраад тарьсан чинь учиргүй ургасан. Бас голт бор тарьсан. энэ маш гоё цэцэгтэй мод байгаа юм. Их гоё амттай байдаг юм болов уу, муур идчихээд байх юм.

Уулын эмийн ургамал байдаг даа, цагаан төмс гэж. Их гоё цэцэгтэй. Тэрийг авчраад тарьчихсан, одоо энүүгээр дүүрэн ургаж байгаа. Энэ хайлаас 300 жилийн настай. Тэгээд би энэ хайлаасыг эндээ үрээр нь тарьж үрслүүлээд, энд тэнд очиж тариад л явдаг юм.

-Таныг энэ хойд Бор овоондоо мод тарьж, ургуулж байгаа гэж дуулсан, моднууд нь хэр ургаж байна, та өөрөө л усалж тордож байна уу?

-Өөрийнхөө үрслүүлсэн модыг л тэнд аваачиж тариад байгаа юм. 5, 6 жилийн өмнөөс л тарьж эхэлсэн. Бор овооны баруун талаар зургаан төрлийн 30 гаруй мод суулгасан. Маш сайхан ургаж байгаа.

Би гэдэг хүн чинь өөрөө дахин дахин гэмтэж байсан, мод тарина гэхээр сэтгэлээс цаашгүй, хүч муутай хүн шүү дээ. Гэхдээ сургуулийн хүүхдүүд гуйгаад нүх ухуулаад тэгээд тарьсан. “Би гэртээ, хашаандаа тарих гэсэн юм биш ээ, бор овооныхоо жалганд мод тарих гэсэн юм” гээд гуйсан. МСҮТ-ийн багш Ц.Адьяадулам хүүхдүүдтэйгээ ирж, нүх ухаж, машин, мотоциклоороо ус зөөж өгөөд, 10 гаруй мод анх суулгасан. Одоо надаас өндөр болж байна.

Манай ОБГ-ын дарга Я.Алтанхундага гэж хүн байхдаа намайг дэмжиж, усалж өгдөг байсан даа. Одоо шинэ даргыг нь сайн мэдэхгүй юм. Би өөрөө л тэтгэврийн мөнгөөрөө усаа аваад л модоо услаад л байдаг юм. Мөн аймгийн ЗДТГ-ын ард байдаг “Хүндэтгэлийн өргөө”-г тойруулаад мод тарьсан, одоо сайхан ургаж байна лээ.

Өглөө эртээ босоод энэ хойгуур яваад хээрийн цэцэгний үр авчраад тарьчихсан чинь одоо хашаа дүүрэн болж байна. Намар энэ хашаа маань их сайхан болно оо.

-Тасалгааны цэцэг тарьж, их олон байгууллагад өгсөн дөө, ер нь таны ажлыг дэмждэг, ойлгодог, хамтардаг байгууллага хүмүүс хэр олон байна даа?

-Би чинь хотын захиргааны цэцэгчин байж байгаад дараа нь ТМС-д жижүүр болоод, тэднийхийг гадна дотногүй цэцэгжүүлсэн. Тэтгэвэрт гараад Хүүхдийн төлөө төв, Ахмадын хороо, МАН-ын байр гээд олон байгууллагыг уг нь цэцэгтэй болгосон л доо. Даанч усалж тордохгүй байгаад л үхүүлчихдэг юм. Байгууллагуудыг, байшинтай айлуудыг цэцэгжүүлэх гээд л цэцэг тариад л байдаг юм. Услаад, торддог хүнд бол цэцэг их учиртай.

Намайг дэмждэг хүмүүс байлгүй л яахав. Гэхдээ манай байгаль орчны алба, аймгийн ЗДТГ дэмжвэл сайн шүү дээ. Уг нь юм хийх гээд байгаа хүнээ дэмжээд, хамтраад ажиллавал сайхан л байна.  

Цэцэг тарихаар байр савнаас авахуулаад их хүндрэлтэй, одоо гэрээрээ дүүрэн тарьчихаад л хүүхдүүддээ зэмлүүлээд сууна. Надад одоо шимтгэл байна, дөрвөн янзын өнгөөр цэцэглэнэ, хонхон цэцэг, зул сарын кактус, зуун наст, өөр олон төрлийн кактус байна. Тасалгааны гүзээлзгэнэ тарьж байна. Ер нь их олон төрлийн цэцэг байна даа.   

Ирээд л “ийм цэцэг авья” гээд хэлвэл би савыг нь бэлдээд, суулгаад л өгнө. Бусдаар өөрөө нэмж тариад байхлаар түүнийгээ байлгах байр, савгүй болохоор хэцүү байдаг юм.

Одоо нас өндөр болж байгаа болохоор би мод тарьж байгаа энэ ажлаа л буян гэж боддог юм, энэнээс өөр зүйлийг би тэгтлээ сайн мэдэхгүй, бас чаддаггүй хүн шүү дээ.


Танд маш ихээр талархаж байна. Нутаг орноо, байгалиа гэсэн ийм ховор, нандин сайхан сэтгэлтэй хүн тун ховор байдаг. Энэнээс илүү буян гэж юу байх вэ. Танд урт удаан наслахыг ерөөе. Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

 

 

Холбоотой мэдээ