“Сингапур-Монголын бизнес яриа хэлэлцээ” уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-10 12:55:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Сингапур-Монголын бизнес яриа хэлэлцээ” уулзалт боллоо.


Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Бизнесийн зөвлөл болон Сингапурын Бизнесийн холбоо хамтран зохион байгуулсан тус уулзалтад Монгол, Сингапурын төр, хувийн хэвшлийн 140 төлөөлөгч оролцов. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, хөрөнгө оруулалтын орчин, Монгол-Сингапур хоорондын эдийн засгийн харилцааг уул уурхайн бус салбарт төрөлжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар илтгэл тавив.


Түүнчлэн “Эрчим хүч-Дэд бүтэц”, “Аялал жуулчлал-Боловсрол”, “Үл хөдлөх хөрөнгө-Худалдаа”, “Технологийн хөгжлийн чиг хандлага” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, эдгээр салбарын хууль эрх зүйн орчны зохицуулалт, бизнес эрхлэх боломж, тулгарч буй сорилтыг даван туулах талаар оролцогчдын дунд ажил хэрэгч яриа өрнөв.


Хэлэлцүүлгийг Монголын талаас Монголын Бизнесийн Холбоо, ТЭСО Корпораци, Монголын Бизнесийн зөвлөл, Bit Mon Ex, AND Global, Сингапурын талаас Sembcorp Industries Ltd, SP Services, Allin EduTech Group, PSB Academy, GeTs Global Pte зэрэг нэр хүнд бүхий бизнесийн байгууллагын төлөөллүүд удирдан чиглүүлж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлал, барилга, санхүүгийн технологийн салбарт хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох талаар харилцан санал солилцлоо.


Энэ удаагийн бизнес яриа хэлэлцээг нийт 25800 компанийн гишүүнчлэл бүхий Сингапурын Бизнесийн Холбоотой хамтран зохион байгуулснаараа онцлог бөгөөд оролцогсод уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлсний зэрэгцээ хоёр улсын бизнес эрхлэгчдийн цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хөшүүрэг болсныг онцлон тэмдэглэв.

Холбоотой мэдээ