Ливид зэвсэгт мөргөлдөөн дэгдсэнээс хойш 650 гаруй хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-10 11:54:07

ТРИПОЛИ. /TASS/. Ливийн нийслэл Триполи хотын захын дүүргүүдэд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн 4 дүгээр сарын 4-ний өдрөөс хойших хугацаанд 653 хүн амь үрэгдсэн байна. Энэ тухай Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Ливи дэх салбар ням гарагийн орой мэдээллээ.


“Улам ширүүссээр буй зэвсэгт мөргөлдөөний улмаас 653 хүн амиа алдсаны дотор 41 энгийн иргэн, 3547 хүн шархадсаны дотор 126 энгийн иргэн байна” гэж тус байгууллагын твиттер хуудсанд нийтэлсэн мэдээлэлд дурджээ. Сүүлийн долоо хоногт гэхэд эмнэлгийн 3 ажилтан амиа алдсан байна.


Өмнө нь ДЭМБ “607 хүн амь үрэгдэж, 3200 хүн шархадсан” тухай мэдээлж байсан юм. 


Одоогоор Ливи улсад олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн Ерөнхий сайд Фаиз Сараж-ийн Үндэсний зөвшилцлийн засгийн газар ба Ливийн Үндэсний армийн дэмжлэгт тулгуурлаж буй Абдалла Абдурахман ат-Тани-гийн удирдсан түр засгийн газар гэсэн хоёр засгийн газар зэрэгцэн ажиллаж байна. 


4 дүгээр сард фельдмаршал Халиф Хафтарын командалсан Ливийн Үндэсний армийн цэргүүд Триполи хот руу довтолсноор зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн билээ. 

Холбоотой мэдээ