Цагаачлалын асуудлаарх АНУ-Мексикийн хэлэлцээнд ахиц гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-06-06 13:28:33

ВАШИНГТОН. /TASS/. АНУ болон Мексикийн төлөөлөгчдийн Вашингтон хотод хийсэн цагаачлалын асуудлаарх хэлэлцээнд ахиц дэвшил гарсан бөгөөд хэлэлцээ пүрэв гарагт үргэлжилнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ.


“Цагаачлалын асуудлаар Мексикийн төлөөлөгчидтэй Цагаан ордонд хэлэлцээ хийж дууслаа. Ахиц дэвшил гарсан, гэхдээ хангалтгүй! Хэлэлцээ пүрэв гарагт үргэлжилнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч твиттер хуудсандаа бичсэн байна.


“Хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол даваа гарагт ногдуулсан 5 хувийн татварыг төлөвлөсний дагуу сар бүр нэмэгдүүлнэ” гэдгийг тэрбээр сануулжээ.


“Татвар өндөр байх тусам олон компани АНУ-д буцаж ирнэ!” гэж Трамп дахин онцолсон байна. Тэрбээр өнгөрсөн сард Америк-Мексикийн хилийн бүсэд баривчлагдсан цагаачдын тоо 133 мянгад хүрснийг мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч үүссэн нөхцөл байдалд Мексикийн эрх баригчдыг, мөн АНУ-ын Конгрессыг буруутгасан байна. Конгресс “цагаачлалын шинэчлэлийн талаарх байр сууриа өөрчлөхөөс татгалзаж байна” гэж тэрбээр үзэж байгаа аж.


Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард лхагва гарагт хийсэн хэлэлцээг нааштай үнэлсэн байна. Түүний хэлснээр, АНУ-ын эрх баригчид цагаачлалын асуудалд богино хугацаанд нөлөөлөх арга хэмжээ авахыг хүсэж байгаа бол Мехико урт хугацааны шийдлүүд шаардлагатай гэж үзэж байгаа аж. Лхагва гарагт хийсэн хэлэлцээний үеэр гаалийн татварын асуудлыг хэлэлцээгүй байна. 

 


Холбоотой мэдээ