Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-06 11:49:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томиллоо.


Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа энэ оны дөрөвдүгээр сард дуусжээ. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохоор санал болгож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийн цэц улс төрчдийн захиалгаар шийдвэр гаргадаг болсон гэсэн хардлага бий. Тухайлбал, Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон тогтоол хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан нь улс төрийн захиалгатай гэж харж байгаа” хэмээн шүүмжлэв.


Үндсэн хуулийн цэцийн гишүүн болно гэдэг бүрэн дархлагдсан гэсэн үг биш гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд онцлоод хариуцлага алдсан бол эгүүлэн татах хуулийн зохицуулалт байгаа гэдгийг анхаарууллаа. Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “ЗГХЭГ-ын даргаар томилогдсоноос хойш гурван сарын хугацаанд нэр дэвшигчтэй хамт ажиллаа. Монгол Улсын төрд бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчин. Энэ хүнийг өөр албан тушаалд шилжүүлснээр Засгийн газар хүний нөөцийн хувьд тодорхой хохирол хүлээж байгаа” хэмээв.


Нэр дэвшигчийг Үндсэн хууль, зарчим, мэргэжилдээ үнэнч ажиллахыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж захилаа. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь Г.Баясгаланг томилохыг дэмжсэн юм.


Нэр дэвшигч Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” компанийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж буй юм.

Холбоотой мэдээ