Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-05 15:07:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 2 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй хэмээн үзлээ.


Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 27-ны дунд суудлын хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон УИХ-ын 22, 23 дугаар тогтоол хууль зөрчсөн гэж дүгнэв. Тодруулбал,, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хийх тов, зардал зэргийг тогтоосон дээрх тогтоол нь Сонгуулийн тухай, Төсвийн тухай болон бусад холбогдох хуулийн заалтыг зөрчжээ. УИХ-ын 23 дугаар тогтоолд, сонгуульд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Гэвч Сонгуулийн тухай хуулиар, сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргана гэж хуульчилжээ. Харин 22 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийг ирэх сарын 30-нд товлосон. Гэтэл одоогийн хуулиар, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгууль зохион байгуулахгүй байхыг нарийвчлан тусгасан хэмээн Үндсэн хуулийн цэц үзсэн юм.


Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд 2018 онд Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр орон нутагт ИТХ-ын нөхөн сонгууль явуулсныг онцлов. Тэрбээр, 2018 оны нөхөн сонгуулиар сонгогдсон 52 төлөөлөгчийн бүрэн эрх Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу хүчингүй болох эсэхийг тодруулав.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, "Засгийн газрын нөөц сан улсын төсөв болон гадаадын тусламжаас бүрддэг. Энэ сангийн хөрөнгийг гэнэтийн осол, эрсдэлийн үед зарцуулах ёстой юм. Гэтэл нөхөн сонгууль болох нь тодорхой байхад зардлыг 2019 оны улсын төсөвт тусгахгүйгээр Засгийн газрын нөөц сангаас гаргах нь буруу хэмээн цэц үзсэн" гэсэн тайлбар өглөө.


Ийнхүү санал хураахад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас байнгын хорооны гишүүд 100 хувь татгалзсан юм. Уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор дахин хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх юм.

Холбоотой мэдээ