ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгч манай улсад ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-05 13:56:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков болон тус хорооны гишүүн Али Аларади  нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид парламентын гишүүн асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой асуудлаар манай улсад ажиллахаар ирээд байгаа юм.


Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан төлөөлөгчдийг урьдчилж  ирүүлсэн хүсэлтийнх нь дагуу ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн талаар танилцууллаа. Мөн өнгөрсөн сарын 27-28 нд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Улаанбаатарт амжилттай болж өнгөрсөн талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийн хүрээнд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг судлах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын тогтоолоор байгуулж, эрчимтэй ажиллаж байгаа талаар танилцуулав.  


Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь НҮБ-ын тусгай илтгэгч Монгол Улсад ажиллаж, хүний эрхийг  хамгаалагчдын асуудлаар буюу хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хууль эрхзүйн орчны талаар дүгнэлт гаргаж ажилласан талаар мөн мэдээлэл өгөв.


ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков томилолтынхоо хугацаанд хэрхэн ажиллах талаараа танилцуулаад, С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн холбогдолтой асуудлаар өмнө нь парламентад ажлын хэсэг ажиллаж байсан бол эдүгээ Түр хороо байгуулан идэвхтэй ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр мөн, С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дарамталж, хэрэг хүлээлгэж буй бичлэгийг үзэх боломжоор хангаж өгөхийг хүсэхийн зэрэгцээ УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ардчилсан намын лидер хүн Төрийн ордонд амиа алдсан хэргийг анхааралдаа авч ажиллахаа тэмдэглэв.

Холбоотой мэдээ