М.Оюунсүрэн: Хүүхдэд зөв эерэг хандлагыг төлөвшүүлэх зайлшгүй шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-05 09:54:04

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажил хэрэгжиж байна. “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлэгч, “Хүүхдийн элч” М.Оюунсүрэнтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


анд энэ өдрийн мэндийг хүргэе. Та “Хүүхдийн элч”, “Хүүхэд хамгаалагч”-аар ажиллаж байгаа. Юуны өмнө энэ ажлын талаар мэдээлэл өгнө үү?

-ГБХЗХГ-ын даргын тушаалаар Засгийн газрын агентлагийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсгийг тус тус үндэслэн “Хүүхдийн элчийг сонгон ажиллуулах тухай” журам баталсан байдаг. Миний хувьд өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Хүүхдийн элч”-ээр ажиллаж байна.

Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаандаа нээлттэй, ил тод, бусдын нөлөөнд үл автах, шударга байх, хүүхдийн эрх ашгийг дээдлэн, аливаа нам, улс төрийн хүчнээс ангид байж, бие даасан үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээдэг. Мөн бүрэн эрхийнхээ хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар хүүхэд, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хүүхдийн тулгамдаж буй асуудал, эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг сонсож, холбогдох удирдлагуудад уламжилж  шийдвэрлэх үүрэгтэй. Хамгийн гол нь хүүхдийг аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйг сурталчлан таниулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.

Харин “Хүүхэд хамгаалагч” төслөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, нууц далд аргаар үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, мэдээ мэдээлэл цуглуулах ажлыг шинэ шатанд гаргахаар зорьж байна. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө хүн бүхэн анхаарах ёстой.

-“Зөв тусгал” аяны хүрээнд нэлээд ажил хийлээ. Энэ талаар...?

-Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-аас санаачлан тус аян, хөдөлгөөнийг улсын хэмжээнд өрнүүлсэн. Ховд аймаг энэ ажилд идэвх санаачилгатай оролцож байна. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд 4900 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, 2800 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдсэн гэсэн судалгааны дүн байдаг. Харин Ховд аймгийн хэмжээнд 2017 онд 16 гэмт хэрэгт 25,  2018 онд 17 гэмт хэрэгт 22, энэ оны эхний 4 сарын байдлаар 25 гэмт хэрэгт 22 хүүхэд тус тус холбогдсон байна.

Үүний гол шалтгаан нь эцэг эхийн хараа хяналт сул, бусдын нөлөөнд автамтгай, амар хялбар аргаар мөнгөтэй болохыг санаархдаг, цахим тоглоом тоглох гэх мэт. Цаашид энэ асуудалд эцэг эх, олон нийтийн оролцоог сайжруулах, хүүхдэд зөв эерэг хандлагыг төлөвшүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд иргэд олон нийтэд чиглэсэн нөлөөллийн “Зөв тусгал” аяныг аймгийн хэмжээнд зохион байгууллаа.

Уг аянаар дамжуулан “Хүүхдийн хүмүүжилд анхааръя”, “Хүүхдээ сонсож, найз  шиг нь байя” уриан дор  эцэг, эхчүүд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхэд суралцах, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх болон эцэг, эхчүүд өөрсдөө хүүхэддээ үлгэрлэн манлайлахад чиглэсэн сургалт, асуулт хариултын тэмцээн явуулж, иргэд  олон нийтийг идэвхжүүллээ. Одоогийн байдлаар Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа 9 байгууллага, 5 цэцэрлэг, ерөнхий боловсролын 6 сургуулийн нийт  605 иргэн оролцсон.               
Мөн цэцэрлэгийн
 насны хүүхдүүдэд  зориулан  гэр бүл, найз нөхдөө хайрлан хүндлэх, туслах, тэдэнтэй нээлттэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах, гэртээ ганцаараа байгаагаа бусдад мэдэгдэхгүй байх, гэрээсээ төөрсөн үед томчуудаас тусламж хүсэх, гэрийнхээ хаяг,  аав, ээжийнхээ утасны дугаарыг цээжлэх зэрэг мэдээлэл хүргэсэн бөгөөд зурагт хуудас ашиглан хүүхдүүдтэй ярилцсан нь тэдний сонирхлыг татсан маш үр дүнтэй ажил болсон гэж үзэж байгаа. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр энэ онд хэрэгжүүлэх 3 бүлэг, 18 заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна

Үүнээс гадна сургуулийн орчинд хүүхэдтэй холбоотой мэдээллийг утсаар хүлээн авах, байнгын ажиллагаатай “Саналын хайрцаг” ажиллуулах талаар зөвлөмж боловсруулж, сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнуудтай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Хүүхэд сургуульдаа  ирэх, тараад гэртээ харих замд гэмт хэргийн хохирогч болох, зам тээврийн осолд өртөх явдал  нэлээд гардаг. Тиймээс эцэг, эхийн оролцоотойгоор замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, замын гарц дээр эцэг эхийн эргүүл, хяналтыг тогтмолжуулах ажил үе шаттайгаар хэрэгжиж байна.

-Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр эцэг, эхчүүдэд зөвлөгөө хүргэхгүй юу?

-Хүүхэд бол эцэг, эхчүүдийнхээ толь нь юм. Томчуудын үг яриа, үйл хөдлөлөөс хүүхэд ирээдүйд хэн болох нь тодорхой харагддаг гэж боддог.  Мэдээж  хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд насанд хүрээд гэмт хэрэгт холбогдох эсвэл гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх нь түгээмэл  байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд  үг, үйлдлээ хянах, буруу үлгэр болох үг, үйлдэл гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй.

Мөн хүүхдээ сонсож, тэдэнтэй нээлттэй ярилцаж байх нь зөв байх. Томчууд ямар байна хүүхэд тийм л байдаг. Буруу үйлдэл хүүхдэд шууд тусгал болж, тухайн үйлдлийг хүүхэд дуурайдаг. Эцэг эхчүүд хүүхдээ бага наснаас нь зөв хүмүүжүүлдэггүй, тэдний санаа бодлыг сонсдоггүй, хэнтэй үерхэж, нөхөрлөж, хичээлийн бус цагаар хаагуур юу хийж яваад нь анхаарал хандуулдаггүй, ямар нэгэн байдлаар хүүхэд дотоод сэтгэлээ гарган ярилцах гэхэд нь “маргааш ярилцья, дараа болъё” гэж хойш тавьж, өмсөх хувцас, идэх хоол, хичээлийн хэрэгсэл нь байвал болно гэж боддог. Үүнтэй  холбоотойгоор хүүхэд эцэг эхдээ итгэх итгэл алдрах, “нууц”-аа дотроо тээж сэтгэл санаагаар гутрах, ганцаардах, хичээл хийхэд дургүй болох зэрэг асуудал гардаг.

Мөн эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй орхих, хүссэн болгоноор нь хангаж, хэт дураар нь байлгаснаар гэмт хэрэгт холбогдох тохиолдол бас гарч байна. Тиймээс эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж, тэдэнд тавих анхаарал халамжаа дээшлүүлэхийг уриалж байна. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхан амьдралын төлөө бүгдээрээ хамтдаа хөдөлмөрлөе.

- Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ