Монгол Улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн удирдах зөвлөлд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-03 12:47:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 2019-2022 онд ажиллах болжээ.


Тодруулбал, Тайланд Улсын Бангкок хотноо өнгөрсөн сарын 27-31-нд болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы үеэр тус комиссын харьяа байгууллага болох Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн сонгууль болов. Удирдах зөвлөлийн найман суудлын төлөө манай улсаас гадна Австрали, Бангладеш, БНХАУ, Фижи, БНЭУ, Индонез, Макао, Пакистан, Филиппин, БНСУ, ОХУ, Шри-Ланка, Тайланд зэрэг 14 улс өрсөлджээ. Ингээд нууц санал хураалтаар Монгол Улс олонхын санал авч, Удирдах зөвлөлийн гишүүн болжээ.


Япон Улсын Чиба хотод төвтэй Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөл нь нийт 9 гишүүнтэй бөгөөд 8 гишүүнийг 3 жил тутам комиссын гишүүн орнуудаас сонгодог. Энэхүү хүрээлэн Япон Улсын нутаг дэвсгэрт байрладаг тул тус улсыг Удирдах зөвлөлийнх нь 9 дэх гишүүнээр шууд сонгодог байна.


Монгол Улс 2000-2003 онд тус хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан болно. Тус зөвлөлд манай улс 2019-2022 онд Бангладеш, БНХАУ, БНЭУ, Пакистан, БНСУ, ОХУ, Тайланд Улстай хамтран ажиллана.

Холбоотой мэдээ