Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Аз жаргалтай хүүхдүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Дундговьчууд “Аз жаргалтай хүүхдүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ өдрийн
үйл ажиллагаа Мандалговьчуудын бүх нийтийн холын зайн гүйлтээр эхэлж, “Аз
жаргалтай хүүхдүүд” баярын жагсаал, авьяаслаг бяцхан
хүүхдүүдийн тоглолтоор үргэлжилсэн юм.
Мөн энэ үеэр Олон улсын хүүхдийн
эрхийг хамгаалах өдрийг угтан зохион
байгуулсан эсээ, зохион бичлэг, гар зургийн уралдаанд бүтээл нь шалгарсан
сурагчдад шагнал гардуулж, 6-18 насны хүүхдүүдийн дугуйны уралдаан нас насны ангиллаар болж, “Тэнгэрийн
тэмдэг” хүүхдийн театрын Драмын дугуйлангийн сурагчид тус дугуйлангийн багш
Г.Амарсүрэн, А.Дэлгэрмаа нарын зохиол “Найзууд” жүжгээ толилуулжээ.
Дундговь аймгийн Засаг дарга,
Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн О.Бат-Эрдэнэ Олон улсын хүүхдийн
эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Бидний
ирээдүй хойч болсон хүүхэд багачуудыг өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараараа
гайхагдсан хариуцлагатай иргэн болж, төлөвшин өсч, хүмүүжинэ гэдэгт би итгэлтэй
байна” гээд гэр бүл түвшин байж, хүүхэд бүрийн нүднээс аз жаргал, баяр баясал
гэрэлтэн, амьдрал нь үргэлж баяр цэнгэл, инээд хөөрөөр бялхаж байхыг бэлгэдэн
ерөөж амжилт хүссэн юм.
Энэ өдрийг Сайнцагаан сумын Засаг даргын захирамжаар “Автомашингүй
өдөр” болгосноор хүүхэд багачууд айх аюулгүй, сэтгэл түвшин тоглож, хотын
төвөөр зугаалж, ээж, аавууд санаа зовох зүйлгүй нэгэн өдрийг тайван өнгөрүүлжээ.








