БНХАУ-ын даргын айлчлал хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-31 12:29:21

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпиний ОХУ-д хийх айлчлал хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад ихээхэн хувь нэмрээ оруулна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жан Ханьхуй пүрэв гарагт мэдэгджээ.


Си Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад ирэх зургадугаар сарын 5-7-нд төрийн айлчлал хийж, Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.


“Хоёр улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр талын харилцаанд гарсан ахиц дэвшлүүдийг дүгнэж, хэтийн төлөвийг тодорхойлж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргана” гэж Жан Ханьхуй хэлсэн байна. Мөн тэрбээр, Хятад-Оросын харилцаа улам тогтвортой, хүчирхэг болж буйг онцолжээ.


Гадаад хэргийн дэд сайдын хэлснээр, өнгөрсөн онд хоёр орны худалдааны хэмжээ 100 тэрбум ам.доллар давсан бөгөөд хөдөө аж ахуй, санхүү, шинжлэх ухаан, технологи, цахим худалдааны салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байгаа аж.  


Энэ онд Хятад-Оросын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж буйг тохиолдуулан хоёр орны удирдагчид цуврал үйл ажиллагаануудад оролцож, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ажээ. 

Холбоотой мэдээ