Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэхэд 8 сая евро зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-29 15:02:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол, ХБНГУ-ын Засгийн газрын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь -III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банкны Зээлийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.


Хэлэлцээр болон гэрээний төслийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулав. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлжээ. Мөн төслийн II шатыг 19.5 евро зарцуулсан бол гуравдугаар шатыг ХБНГУ 8 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцож гэрээ, хэлэлцээр байгуулсныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулгадаа дурдсан. Танилцуулгын дараа асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураахад гишүүдийн 54.5 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов. 


Мөн хуралдаанаар Монгол, ХБНГУ-ын Засгийн газрын "Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банкны Зээлийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.


Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын  хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийг нийт 7 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцжээ. Уг хөрөнгийг жилийн хоёр хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банкнаас зээлэх юм. Ингэхдээ эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлнө гэдгийг Засгийн газрын гишүүн Ч.Улаан танилцуулгадаа дурдсан. Хэлэлцээр болон гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтсон юм.

Холбоотой мэдээ