Манай улс 1.6 тэрбум ам.долларын төлбөрт унажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан ажлын багийн дүгнэлтийг хэлэлцэв. Оюутолгойн зээлийн төлбөрт манай улс одоогоор 1.6 тэрбум ам.доллар төлөх ёстой бөгөөд 2039 он гэхэд ногдол ашгаа өгөөд, цаана нь нэг тэрбумын өртэй хоцорно гэсэн тооцоо гарчээ.
Хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, тараасан материалууд нууцын зэрэглэлтэй. Тиймээс хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх санал гаргав. Өнөөдрийн хуралдаанаар, зөвхөн ажлын багийн дүгнэлтийг хэлэлцэх тул нээлттэй хэлэлцэхэд хууль зөрчих зүйл байхгүй гэж Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэллээ.
Ажлын багийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулав. УИХ-ын даргын захирамжаар ноднин гуравдугаар сард байгуулсан тус ажлын багт Оюутолгойн гэрээг шалгах чиглэл өгчээ. Мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор дөрвөн дэд ажлын баг байгуулж, мэргэжлийн байгууллагын ажилтнууд, улс төрийн хөдөлгөөн, ТББ-ын эрдэмтэн, судлаачдыг дэд ажлын багт оролцуулсан байна. УИХ-ын ажлын багаас хийсэн шалгалт зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээ бус, хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө зэргийг шалгажээ. Ажлын багийн дүгнэлтийг боловсруулахдаа, ЗГХЭГ, АТГ, Үндэсний аудитын газрын шалгалтын дүгнэлттэй харилцан мэдээлэл солилцох замаар, нууцын зэрэглэлгүй материалаар нэгтгэн боловсруулсан байна.
Оюутолгой төсөл нь анх удаа дэлхийн томоохон хөрөнгө оруулагч компанийн тусламжтай Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий ордыг ашигласан гэдгийг онцолж байлаа. Мөн гуравдагч хөршийн бодлогод сайн нөлөө үзүүлсэн. Татвараар дамжин манай улсын төсөвт тодорхой орлого орж эдийн засаг тэлэх болсон гэдгийг ч дурдав. Төслийн хүрээнд, манай улсын төсөвт 900 сая гаруй ам.долларын орлого оруулсан байна. Түүнчлэн далд уурхайд 130 гаруй туслан гүйцэтгэгч компанийн 12 мянган ажилчин дадлагажиж, томоохон далд уурхайг манай улс бие даан ажиллуулах боловсон хүчний нөөцтэй болжээ. Оюутолгой нь Монгол Улсын улсын төсвийн орлогын 7 хувийг, бүртгэлтэй ажиллах хүчний 1 хувийг ажлын байраар хангаж байна.
Гэвч шалгалтаар төслийн олон сөрөг тал байгаа аж. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээний гол агуулга нь хөрөнгө оруулагч буюу гадаадын талд олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулахыг тэргүүн зорилт болгож шийдвэрлэжээ. Татварыг удаан хугацаанд тогтворжуулсан нь дэлхийд байхгүй жишиг болсон бөгөөд энэ нь манай талын үр ашгийг бууруулсан гэж дүгнэсэн байна. Түүнчлэн ТЭЗҮ батлагдаагүй байхад хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан байна. “Оюу Толгой” ХХК-ийн татварын ачаалал нь Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачааллаас 5 орчим хувиар бага байгаагийн дээр 2018 оны байдлаар татварын хөнгөлөлт 1.5 дахин, зардал буюу ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдал 12.8 дахин өссөн гэж Сангийн яам тооцсон. Хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцааны 34 хувийг Монгол Улс "өмчлөх" гэдэг үг хэрэглэсэн ч Дубайн гэрээнд "эзэмших" гэж сольсон нь эрх зүйн зөрчилтэй байна. Түүгээр ч үл барам ТЭЗҮ-г эрх зүйн хувьд заавал мөрдөх баримт бичиг биш гэж Дубайн гэрээнд өөрчлөн оруулсан нь Монголын талын үр ашгийг цаашид бууруулах ноцтой өөрчлөлт болжээ. Зээлийн гэрээнд төслийн А лиценз, үл хөдлөх хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал зэргийг барьцаалахыг зөвшөөрсөн. Тиймээс манай тал эзэмшдэг 34 хувийнхаа зээлийн төлбөрийг төлөх ёстой. Энэ нь Монгол Улсын ордын баялаг, өмч, хөрөнгийг барьцаалж авсан зээл боловч, манай тал авсан зээлэнд хөрөнгө оруулагчдад давхар хүү төлөхөөр болсон нь дэндүү шударга бус тохироо болсон байна. Өнөөдрийн байдлаар, зээл болон хүүгийн төлбөр 1.6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ байдлаар 2039 он гэхэд, манай тал ногдол ашгаа суутгаад, цаанаа нэг тэрбум ам.долларын өртэй хоцрох эрсдэл үүссэн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулав.
Ажлын багийн дүгнэлттэй холбогдуулан Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав, Ж.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр нарын гишүүд асуулт асууж, тайлбар авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, ажлын багийн дүгнэлтэд тооцоо шинжилгээг учир дутагдалтай тусгасан байгааг шүүмжилсэн. Тэрбээр өрийн эх үүсвэр болон бүтээгдэхүүн борлуулах гэрээг дүгнэлтэд танилцуулаагүй байгаа учрыг тодруулсан. Ажлын баг, зээлийн гэрээ борлуулалтын гэрээ нь нууцад хамаарна гэдгийг онцлоод, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулж байгааг тодотгов. Мөн зээлийн тооцоог хийхэд хөрөнгө оруулагч талаас санхүүгийн модель гаргаж өгсөн ч хоёр талаас хүлээн зөвшөөрсөн тооцоо хийгээгүйг хэлсэн. Уул уурхайн ашгаас манай талын хүртээмж 31 хувь болж багасна. Тиймээс татварын хугацааг уртасгахгүй байх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Рио тинто компани 2017 онд 744 сая ам.долларын ашиг хүртсэн бол, манай улс 175 сая ам.долларын ашиг авч байгаа нь харьцангүй байгааг тэмдэглэв. Ажлын баг, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад 12 тэрбум ам.долларын хөрөнгө шаардагдана. Ингээд 2022 оноос далд уурхай ашиглалтад орж, улмаар 2029 оноос ашгаа өгч эхэлнэ. Хувь эзэмшигч талууд зээлээ төлж дуусаж, 2038 оноос ногдол ашгаа хүртэнэ гэж тооцсон гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Оюутолгой улсад 177 сая ам.долларын татвар төлдөг гэдгийг тодотгоод, ирээдүйд төлөх татварын хэмжээ нэмэгдэх эсэхийг тодруулав. Ажлын баг, Оюутолгой 2016 онд 3.1 их наяд, 2017 онд 916 тэрбум, 2018 онд 618 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Уурхайн АМНАТ нэмэгдэхээс бусад татвар багасна гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Л.Болд, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд, гэрээг шинэчлэх олон боломж байгааг дурдаад, Засгийн газар ажлын баг гаргаж гэрээг шинэчлэх нөхцөл бүрдүүлэх шаардлагатайг хэлсэн. Мөн тэрээр, нууцын зэрэглэлтэй гэсэн материалыг нээлттэй болгож, олон нийтэд танилцуулах хэрэгтэйг зөвлөсөн.
УИХ-ын гишүүн
Х.Болорчулуун, Олон улсын гэрээний дагуу гэрээнд Засгийн газар төлөөлж гарын
үсэг зурах ёстой. Гэтэл Дубайн гэрээнд “Эрдэнэс монгол” компани төлөөлж гарын
үсэг зурсан учраас хүчин төгөлдөр гэж үзэж болохгүй хэмээв.
"Монгол Улс 2038 оноос ашиг хүртэнэ" гэж ярих нь байж боломгүй зүйл гэдгийг УИХ-ын гишүүн Л.Энхболд хэлсэн. Тэрбээр, "Олон жилийн дараа өгөөж өгөх төсөлд хөрөнгө оруулсан гэж ярьж байгаа нь “өрөвдөлтэй” байна. Манай тал хөрөнгө оруулсан хэрнээ хувьцаа эзэмшээд өртэй болчихсон. Ирээдүйд өр нэмэгдээд л байх болно. Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээг цаг наргүй сайжруулах ёстой. Оюутолгойн зэсийг ярихаас илүү алтны тооцоог мөн гаргах хэрэгтэй” гэв.
Ингээд ажлын багийн саналаар, дүгнэлтийг байнгын хорооны дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.