Мянгад суманд 300 гаруй залуучууд чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-29 11:15:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын Залуучуудын холбооноос санаачлан сумын 25-40 насны залуучуудын анхдугаар чуулга уулзалт зохион байгууллаа.

Чуулга уулзалтад тус сумын Баянбулаг, Гахайт, Чацарганат, Цагаанбулан, Баянхошуу гэсэн 5 багийн 300 гаруй залуу малчин, иргэд хөдөлмөрчид оролцов.

Энэ үеэр аймаг, сум орон нутгийн хөгжилд залуучуудын оруулах хувь нэмэр, үүрэг, оролцооны талаар чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулж, залуучуудад чиглэсэн төрийн бодлого болон урлаг, спорт, соёл, боловсрол зэрэг нийгмийн бүхий л салбарт хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар удирдах ажилтнууд танилцуулга мэдээлэл хийлээ.

Мөн чуулганд оролцогчид урлагийн 3 төрөл, спортын 5 төрлийн уралдаан тэмцээнээр авьяас, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тухайлбал, “Гар бөмбөг”-ийн тэмцээнд 30 багийн 200 гаруй тамирчин оролцов. Тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрт Д.Уламбаяр ахлагчтай “Мянгадууд” баг, дэд байрт О.Батцацрал ахлагчтай “Баянхошуу” баг, гуравдугаар байрт Н.Мөнхбат ахлагчтай Мянгад сумын ерөнхий боловролын сургуулийн баг тамирчид тус тус шалгарч, шагналаа гардан авав.

Харин гар бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд Я.Амаржаргал ахлагчтай “Эрч хүч” баг түрүүлсэн бол дэд байрт Б.Баяндалай ахлагчтай 2007 оны төгсөгчдийн баг, гуравдугаар байрт  Б.Энхцэцэг ахлагчтай оюутнуудын баг шалгарсан юм.

Тус тэмцээний  эрэгтэй шилдэг тоглогчоор “Мянгадууд” багийн тамирчин Л.Ганбаатар, эмэгтэй шилдэг тоглогчоор 2007 оны төгсөгчдийн багийн тамирчин Б.Баяндалай тодорчээ.

Энэ удаагийн чуулга уулзалт нийгмийн хөгжилд хөдөөгийн сумын залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд залуучуудын холбооны үйл ажиллагаагаар дамжуулан хамтын ажиллагааг сайжруулж, шинэ санал санаачилга гарган хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлснээрээ онцлог байв.

 

Холбоотой мэдээ