Ч.Улаан: Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж, сүү боловсруулах нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-28 17:57:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж, сүү боловсруулах нь чухал гэдгийг өнөөдөр болсон Дэлхийн сүүний өдөрт зориулсан хэлэлцүүлгийн үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлов.


Дэлхийн сүүний өдөр 6-р сарын 1-ний өдөр тохионо. Энэ өдрийг угтан ХХААХҮЯ, НҮБ Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Монголын Хүнсчдийн холбоо, “Глобал коммунитис Монгол” олон улсын байгууллага, Сүүний нэмүү өртгийн оролцогчид хамтран  тус хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Манай улсад боловсруулсан шингэн сүүний үйлдвэрлэл жил бүр нэмэгдэж, 2017 оны эцэст 33.4 сая литр, 2018 онд 38.2 сая литр болжээ. Энэ нь компаниудын шингэн сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор фермийн аж ахуй байгуулсан, улмаар малчин, фермийн аж ахуйн хамтын ажиллагаа сайжирч байгаа, мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хийж буй ажлын үр дүн юм.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгаснаар нийт сүү үйлдвэрлэлд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний эзлэх хувийг 2020 онд 30 хувь, 2025 онд 50 хувьд хүргэх зорилт тавьжээ.

Хэлэлцүүлгээр Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд сүүний салбарын оролцоо, төрөөс баримталж буй бодлого, хөгжлийн стратеги, Монголын сүүний салбарын зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар хэлэлцэв.  Мөн хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэлд ажлын байрыг олноор бий болгох, малчин өрх, саальчин эмэгтэйчүүдийг тогтмол орлоготой болгох улмаар санхүүгийн болон нийгэмд эзлэх байр сууриа сайжруулах боломжийг хэлэлцлээ.

Энэ үеэр, “СҮҮ” ХК, “Витафит милк” ХХК, “Хаан сүү” ХХК, “Тэсо” корпораци зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн гаргасан байлаа. Мөн Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд хэвлүүлсэн “Сүү боловсруулах үйлдвэрлэл” номын нээлт болов.  


М.Батчимэг

Гэрэл зургийг Н.Батбаяр




Холбоотой мэдээ