Б.Баярбаатар: Цэцийн шийдвэртэй МАН санал нийлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-28 17:25:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль явуулах тов, зардлыг шийдвэрлэсэн тогтоол хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/ дүгнэсэн. МАН энэхүү дүгнэлтийг эсэргүүцэж байгаа талаар тус намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар өнөөдөр мэдээлэв.

 

Тэрбээр, “МАН сонгуулийн бэлтгэлээ бүрэн хангасан. Энэ цаг мөчид намын V бага хурлаар нэр дэвшигчээ албан ёсоор сонгох байсан. Манай намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээр бэлтгэгдсэн. Хөндлөнгийн байгууллагын судалгаагаар, У.Хүрэлсүх 36 хувийн үнэлгээгээр тэргүүлж байсан юм. Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн дунд суудлын хуралдааны дүгнэлттэй МАН санал нийлэхгүй. Учир нь ҮХЦ-ийн дүгнэлтэд нөхөн сонгуулийн хугацааг ээлжит сонгуулийн хугацаагаар авч үзсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд, сонгуулийн зардлыг улсын төсөвт суулгах шаардлагатай гэсэн. Сонгуулийн төсвийг хэлэлцэх нь ҮХЦ-д огт хамаагүй асуудал.  Энэ нь УИХ-ын эрх мэдлийн асуудал байсан" гэв. 


МАН-ын Бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл, “Өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнээгийн хэвлэлд өгсөн ярилцлагад, МАН-ын захиалгаар ҮХЦ шийдвэр гаргасан гэж байна. Цэцийн шийдвэртэй холбогдуулан өнөөдрийн намын бага чуулганаа хойшлууллаа. АН-ын залуус намын даргаа огцруулах санал гаргасан. Энэхүү сонгуульд АН ялагдвал тус намын дарга огцрох хэмжээнд хүрнэ. Тиймээс  АН-аас энэхүү сонгуулийг түдгэлзүүлэх арга хэмжээг авсан. Олон иргэд ҮХЦ-д гомдол гаргасныг манай нам зохион байгуулаагүй. УИХ-ын чуулганаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Ингээд сонгууль хийх шийдвэр гарвал, МАН өрсөлдөхөд бэлэн” гэв.


Холбоотой мэдээ