Нийтийн хөдөлгөөнд саад болсон хашаа, хайсыг буулгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-28 14:26:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод нийтийн хөдөлгөөнд саад болсон нийт 102 газрыг чөлөөлж, ашиглахгүй байгаа хашаа, хайсыг буулгасан байна.

Тодруулбал, Чингэлтэйд 14, Баянголд 21, Баянзүрхэд 16, Сүхбаатарт 16, Хан-Уулд 3, Сонгинохайрханд 13, нийт 83 газрыг чөлөөлөөд байна. Хамгийн сүүлд гэхэд, “Мандухай” зочид буудлын урд талын хашааг буулгаж явган хүний зам гаргажээ. Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хороо буюу 96 дугаар сургууль, 11 дүгээр цэцэрлэг дунд явган хүний зам, талбайг хааж гарааш, хашаа барьсныг албадан буулгаад байна. Энэ талаар өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулсан юм.

Цаашид хашаа, хайс чөлөөлөх хүрээнд өмчийн газруудыг бүртгэлжүүлж, хамгаалалтад авахаар болжээ.

Газрыг чөлөөлөхдөө хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын хүрээнд, гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажилтай уялдуулж хийх юм байна.

Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах гэрээ, эрх зүйн бичиг баримтыг шинэчлэн өөрчилж, мэдээллийг нээлттэй хүргэж, иргэд оршин суугчдын оролцоог ханган, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ