"Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал"-д оюутнууд нэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намаас энэ сарын 30-нд зохион байгуулах "Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал"-д Ардчилсан оюутны холбоо /АОХ/ нэгдэнэ гэдгээ өнөөдөр мэдэгдэв.
Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр, АОХ-ны ерөнхийлөгч Н.Лхагвадорж, "Төрөөс оюутны сургалтын төлбөрийг нэмэхгүй байхаар тогтсон ч үүнийг олон сургууль хэрэгжүүлээгүй. Ирэх жил дахиад сургалтын төлбөрийг нэмэх хандлагатай байна. Эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт гадаадад тэтгэлэгтэй суралцах оюутны тоог даруй хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн ч амлалтдаа хүрээгүй. Тиймээс оюутан залуус дуу хоолойгоо илэрхийлж, энэ сарын 30-нд болох Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалд нэгдэнэ. Жагсаалд нэгдэхийг оюутан залуустаа уриалж байна" гэлээ.
АН-аас улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж, Д.Сүхбаатарын талбайд "Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал"-ыг энэ сарын 30-нд зохион байгуулна хэмээн УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ энэ сарын 22-нд мэдээлсэн юм.