Дархан, Братск хотууд хамтын ажиллагаа тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-28 12:46:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид тавдугаар сарын 23-26-нд ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотод айлчиллаа.

Братск хотын дарга С.С.Серебренниковын урилгаар айлчилсан Дархан-Уул аймгийн төлөөлөгчид хоёр хотын хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа. Дархан хотын хувьд, Братск хоттой харилцан түншлэхэд газар зүйн хувьд ойр, эрхлэх аж ахуй ойролцоо зэрэг давуу тал олон. Энэхүү харилцааг тогтооход хоёр хотын удирдлагаас гадна Монгол Улсын ГХЯ, ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраас ихээхэн дэмжсэнийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат онцолж байна.

Братск хотын дарга С.С.Серебренников хэлэхдээ, “Бид гуравдугаар сард Монгол Улсаас Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газарт хандан Монгол Улсын аймаг, хоттой харилцаа тогтоох хүсэлт тавьсан юм. Тухайн үед бидэнд Дархан хотын талаар танилцуулсан. Манай хоттой ижил аж үйлдвэр хөгжсөн гэдэг нь ихээхэн ач холбогдолтой санагдсан. Дархан хотын удирдлага шуурхай хариу өгч, хоёрхон сарын дотор хамтын ажиллагааны баримт бичиг байгуулж байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа ч энэ хурдаар хөгжинө гэж итгэж байна” гэлээ.


Тодруулга: 248 мянган оршин суугчтай Братск хот нь Эрхүү муждаа хүн амын тоогоор Эрхүү хотын дараа ордог, аж үйлдвэр хөгжсөн хот юм. Тус хот нь мужийнхаа аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 20 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд хөнгөн цагааны үйлдвэрлэл нь ОХУ-ын хэмжээнд нийт үйлдвэрлэлийн 30 хувь ба дэлхийн хэмжээнд гурван хувийг эзэлж байна. ОХУ-ын нийт үйлдвэрлэж буй целлюлозын 30 хувийг, УЦС-ын үйлдвэрлэж буй эрчим хүчний 14 хувийг гаргадаг.

Хотын эдийн засгийн үндэс аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 51 хувийг өнгөт металлын, 22.1 хувийг мод болон бусад боловсруулах үйлдвэрлэл эзэлдэг байна.

Холбоотой мэдээ