Бид уул уурхайн баялгаар өрсөлдөх чадвар бий болгож чадсангүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-03-29 12:05:54

Дархан-Уул аймагт, аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачлагаар анх удаа зохион байгуулагдаж буй  “Дарханы хөгжил-2016” олон улсын эдийн засгийн форумд "Дархан хотын хөгжлийн төлөв", “Дарханы аж үйлдвэрийн хөгжил", "Дархан хотод хөрөнгө оруулалт хийх боломжууд" гэсэн гурван сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж байна. 

Илтгэлийн хоёр дахь үе болох "Дарханы аж үйлдвэрийн хөгжил"-ийн талаар "Үйлдвэр технологийн паркийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил” сэдвээр “Дархан үйлдвэр технологийн парк”-ийн захирал Ц.Давааням, Ургамал, Газар Тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Ph.D Н.Баярсүх, Тахь Ко ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Буянбат, Поликом ХХК-ийн захирал Ц.Ламжав нар илтгэл тавив. Харин гуравдугаар үе болох "Дарханд хөрөнгө оруулалт хийх боломжууд" сэдвийн хүрээнд Эдийн засагч Д.Жаргалсайхан, Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал К.Энхчулуун болон ОХУ, БНХАУ-ын төлөөлөгч нар илтгэл тавьсан юм.

Эдийн засагч Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ "Монгол улс хөгжлийн шинэ замыг сонгоод 25 жил боллоо. Гэвч эдгээр жилүүд эдийн засгийн онцгой сорилтын жил болж байна. Бид уул уурхайн баялгаар өрсөлдөх чадвар бий болгож чадсангүй. Уул уурхайн баялаг хамгийн их үедээ их өртэй боллоо. Эдийн засаг гадаад өрөөс ихээхэн хамааралтай боллоо. Энэ нь нэгдүгээрт, эдийн засгийн өрсөлдөх чадварыг бий болгож чадсангүй. Хоёрдугаарт, засаглалаа бүрэн тогтоож чадсангүй. Үүний тод илрэл бол засаглал авлигад баригдсан байгаа өнөөгийн дүр зураг юм. Бид үүнийг яах ёстой юм бэ?. Өнөөдрийн эдийн засаг бол Монголын улс төрийн өнөөгийн нүүр царай. Тэгэхээр авлигыг ялан дийлэхгүй бол улс хөгжихгүй. Улс төрийн намуудын мөнгө хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй байна. Ганцхан дарга нь л мөнгөө мэддэг системийг Мафи гэж нэрлэдэг юм шүү дээ. Бид улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгож чадахгүй бол авлигаас салж чадахгүй. Шилэн түрийвч яагаад улс төрийн намуудад хамаарахгүй байгаа юм. Үүнийг ихэд гайхаж байна. Бид энэ 25 жилд Монголчуудыг өмчтэй болгох ёстой байсан. Аливаа юм эзэнтэй байх ёстой. Тийм биш учраас л нийтийн хөрөнгийг энэ хүмүүс завшиж, баяжиж байгаа юм. Тиймээс саад болж байгаа зүйлээ бодитой дүгнэмээр байна. Тэгж байж бид хөгжинө шүү дээ. Энэ боломж Дарханд бүрэн бий" гэлээ.

Форум үргэлжилж байна. 

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ