“Улаанбаатар номын баяр-2019” төв талбайд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-23 17:14:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хорин тав дахь удаагийн "Улаанбаатар номын баяр-2019"-ыг “Хүүхэд Монголын ирээдүй...” уриан дор Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр нээлээ.


Номын баярын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарч, нэрт яруу найрагч Д.Урианхай, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд нар оролцов.


Номын баярыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлан хэрэгжүүлж буй “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийн хүрээнд, хүүхдийн зохиолч, хэвлэлийн байгууллагыг бодлогоор дэмжих, хүүхэд залуучуудын номтой нөхөрлөх соёлыг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ ивээн тэтгэж байна. Мэдээллийн түнш байгууллагаар МОНЦАМЭ агентлаг, МСНЭ ажиллаж байгаа юм.


“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд ярихдаа, “Номын баярт 300-гаад зохиолч, 120 байгуулага оролцож байна. Залуу нийтлэгчид олширч, илүү сонирхолтой номыг уншигчиддаа өргөн барьдаг болжээ. Энэ удаагийн номын баярыг дэмжин ажиллаж байгаа Нийслэлийн Засаг даргад  талархсанаа илэрхийлэх нь зүйтэй. Хотын дарга цаашид, нийслэлийн хамгийн гоё баяр, гаднын зочид төлөөлөгчид зорин ирдэг баяр болгохын төлөө ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс илүү олон сайхан ажлыг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Бид номын баяраа угтан 4 дүгээр сарын 22-ноос өнөөдрийг хүртэл 6 ажил хийгээд үр дүн нь гарсан. Номын баярыг хүлээдэг, оролцохыг хүсдэг олон уншигч, эцэг эх, гэр бүл, багш сурган хүмүүжүүлэгч бий болсон явдалд үнэхээр их баяртай байна” хэмээв.

Энэ удаагийн номын баярын үзэсгэлэн худалдаанд ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна.


Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн асарт саатан, тус агентлагийн сэтгүүлчдийн бүтээлтэй танилцав.


Номын баярт тус агентлагийнхан жил бүр бүтээл туурвилаараа оролцдог уламжлалтай бөгөөд англи, орос, хятад, япон хэлээр гардаг сониноо уншигч олонд танилцуулж байна. Мөн уншигчдын дунд эрэлттэй байдаг "Аав бид хоёр" номоороо МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг оролцож байгаа бол тоймч, яруу найрагч Г.Алтанхуяг шинээр хэвлэгдсэн “Шулмын шүлгүүд”, “Лурас” шүлгийн түүвэр, спортын сэтгүүлч Д.Өлзийсайхан “Монголын бокс-70 жил”, “Индонезийн тэнгэрт Монголынхоо далбааг мандуулсан тамирчид, “Хүмүүн бичиг" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа "Аян замын тэмдэглэлүүд" зэрэг шинэ бүтээлээ дэлгэжээ.


Үзэсгэлэн худалдааны үеэр "Мир ном" 20 хувь, "Интерном"-ын монгол хэлээрх ном 10-70 хувь, англи, япон ном 20 хувь, герман сурах бичиг 30 хувь, "Сэлэнгэ пресс" 30-70 хувь, "Соёмбо принтинг" 30-50 хувиар номоо хямдруулсан байв.


Номын баярын эхний өдөр төв талбайд  ном соёлыг дээдэлдэг албан байгууллага, иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гурван өдөр үргэлжлэх номын баярт хүрэлцэн ирснээр, өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтой уулзах, гарын үсэг зуруулж авах сайхан боломж иргэдэд олддог билээ. 


Холбоотой мэдээ