УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-23 10:26:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.15 цагт гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.


Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Нотариатын тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Эрүүгийн хуулийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна. Авлигал, албан тушаалын томоохон хэргүүдийг сунжруулж, хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаж, хэрэгсэхгүй болгох үйлдэл гарах болсон” хэмээв.


Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд хүүхдийн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох асуудлыг тусгаагүй байна. Тиймээс хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай” гэлээ.


“Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын багийн дүгнэлтийг хэлэлцэх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва онцолсон.


Харин Эрүүгийн хуулийн хэрэг хөөн хэлэлцэхтэй холбоотой заалтыг засах асуудлыг Хууль зүйн байнгын хороо судалж байгааг УИХ-ын гишүүн Г.Занданшатар тайлбарлав. Мөн Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөснийг дурдлаа.


Ийнхүү чуулганаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж эхлэв.

Холбоотой мэдээ