Баруун бүсийн сумдыг дотооддоо эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-22 17:38:26

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 65 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг байгуулж баруун бүсийн сумдыг эрчим хүчээр найдвартай хангах боломжийг бүрдүүлнэ.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн ЗДТГ, Гурвантэс сумын ЗДТГ, "Монголын алт" ХХК хамтран ажиллах гурван талт гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд ажлын байр нэмэх, аймаг орон нутгийн хөгжил бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмэр оруулахуйц ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр болсон байна.

Тухайлбал Өмнөговь аймгийн баруун сумд төдийгүй улсын хэмжээнд ачаа эргэлтийг нэмэх, ашигт малтмалын экспортыг нэмэх чиглэлээр хөрш зэргэлдээ уурхайнуудтай хамтран 47,5 км төмөр замыг барьж байгуулах юм. Мөн 65 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг байгуулж сүүлийн үед тог цахилгааны асуудалтай байгаа баруун бүсийн сумдыг эрчим хүчээр найдвартай хангах боломжийг бий болгох юм. Улмаар Гурвантэс сумын бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийнэ.  

Дашрамд дуулгахад, тус аймгийн баруун бүсийн сумд БНХАУ-ын ӨМӨЗО-оос цахилгаан эрчим хүчээ авдаг юм.

Холбоотой мэдээ