Зангиагүй уулзалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-21 17:31:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 44 дүгээр тогтоолоор батлагдсан “Архигүй-Алтайчууд” хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зангиагүй уулзалт зохион байгуулав.

Энэхүү уулзалтыг тус аймгийн бүсгүйчүүдийн “Гоо даль” групп, ИННЗ санаачлан Есөнбулаг сумын ГХУССЗ болон энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудтай хамтран “Амьдрах сайхан” аяныг хүрээнд анх удаа санаачлан зохион байгуулсан байна.

Уулзалтаар хөтөлбөрийн хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар болон уялдаа холбоотой ажиллаж, үр дүнг эргэн хэлэлцэхээр болсон бөгөөд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ, ГБХЗХГ зэрэг байгууллага "Архигүй-Алтайчууд" хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц, Гэр бүлд тулгамдаж буй асуудлууд, Гэмт хэргийн өнөөгийн байдал зэрэг сэдвээр мэдээлэл хийн хамтран ажиллах чиглэлээ танилцууллаа.

Мөн "Баялаг бүтээгчдийн холбоо", Үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо "Хайрлагдсан Алтай" ТББ, иргэдийн төлөөллүүд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн юм..

“Архигүй-Алтайчууд” хөтөлбөр нь 2018-2020 онд хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажээ. Тухайлбал, Архидан согтуурснаас эрүүл мэнд, гэр бүл, хамт олон нийгмийн амьдралд учрах хор уршгийн талаарх хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлэн эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, архинд донтох өвчин эмгэгийг эрт илрүүлэх, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой зохион байгуулах, архинаас татгалзсан, эмчлүүлж эрүүлжсэн хүнийг нийгэмшүүлэх, дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, архидан согтуурснаас нийгэмд учрах гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах, архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид тавих хяналт, нийгмийн хариуцлагыг сайжруулах зэрэг үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.


Холбоотой мэдээ