“Үлгэрч өвөө эмээ”-г шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-28 15:52:18

Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Өлзий телевиз хамтран “Үлгэрч өвөө эмээ” зорилтот төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Монголчууд үеэс үед өв уламжлан ирсэн өвөрмөц түүх соёл, ёс заншил, амьдралын хэв шинжийг аман зохиол, үлгэр туульсдаа шингээн үр удмаа сургаж хүмүүжүүлсээр ирсэн билээ. Үндэстний баялаг өв болсон аялгуу сайхан монгол хэлээ дээдлэн хүндэлж, ардын аман зохиол, үлгэр туульсаа дэлгэрүүлэх зорилготой тус төслийг анх удаа хэрэгжүүлэх юм.

Хүүхдийнхээ ирээдүйд хийж болох өртөг багатай атлаа хамгийн зугаатай, үр дүнтэй хөрөнгө оруулалт бол тэдэнд үлгэр уншиж өгөх явдал. Хэрэв өдөрт 10 минут зарцуулан үр ач, хүүхдүүддээ үлгэр уншиж өгч хэвшвэл хүүхдийн тань хүмүүжилд олон талаар нөлөөлнө. Цаг зав зориулан үр хүүхдүүддээ үлгэр ярьж өгснөөр өвөө, эмээ, эцэг эх, хүүхдүүдийн хооронд амьд нарийн нандин холбоо, ойр дотно харилцаа үүсдэг. Мөн чөлөөнд гарсан ахмадуудаа нийгмийн идэвхтэй харилцаанд татан оруулж, тэднээр дамжуулан мартагдах шахсан ардын аман зохиол үлгэр туульсыг сэргээн сануулна хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна.

Уралдаанд 50-иас дээш насны ахмадууд ардын аман зохиол, үлгэр туульсаас сонгон өрсөлдөх юм.

Гранпри шагналтныг өргөмжлөл, 1 сая төгрөг, ивээн тэтгэч байгууллагын шагнал, гадаадад аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулах юм. Дэд байрт хоёр оролцогч шалгаруулж өргөмжлөл, 500 мянган төгрөг, тусгай байрт гурван оролцогчид өргөмжлөл, 200 мянган төгрөг, ивээн тэтгэгч байгууллагын шагнал тус тус гардуулах юм.

Бүртгэлийг ирэх сарын 1-нийг хүртэл Улсын Хүүхэлдэйн театрын байранд явуулна.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ