Цаг агаарын онц аюултай үзэгдэл болохыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-17 17:32:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, 05 дугаар сарын 18-20 өдөр болох цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ. Эдгээр өдрүүдэд нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, 1980 онд болсон шуургатай адил нөхцөл байдал үүсч магадгүй гэдгийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас анхаарууллаа. 

Аймгийн УЦУОШГ болон Онцгой байдлын газраас өгсөн мэдээгээр 05 дугаар сарын 19-нд нийт нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас, зарим нутгаар ахиу хэмжээний цас орно. Салхины хурд зүүн хойноос баруун хойш эргэж 18-20м/с, түр зуур 24м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Салхины хурд, агаарын даралтын төлөв байдал 1980 онд болсон цаг агаарын үзэгдэлтэй ижил төстэй үйл явдал болж болзошгүй байгаа тул мэргэжлийн анги байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймгийн Онцгой комисын дарга, аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар үүрэг болголоо.

Учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах хүрээнд холбогдох мэргэжлийн анги, ААНБ-ууд төлөвлөгөө гарган ажиллана. 18-ны өдрийн 18 цагаас 21-ний 08 цаг хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хааж, замын хөдөлгөөнд хяналт тавьж, хяналтын постуудыг тодорхой цэгүүдэд 24 цагаар ажиллуулах үүргийг аймгийн Цагдаагийн газар гүйцэтгэнэ.

Өндөрхаан- Мөнххаан- Баруун-Урт чиглэлийн төв магистрал замд цас хамгийн их төвлөрдөг цэгүүдэд цас цэвэрлэгээний техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажиллах хүчнийг урьдчилан байрлуулж, шатахууны нөөцийг хангаж ажиллахыг "Талын зам" компанид даалгалаа.

Мөн бүх ААНБ дээрх өдрүүдэд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, аймгийн Онцгой комиссын гишүүд нэг нэгээр сумдыг хариуцан, хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах чиглэлийг өгөв. 

Холбоотой мэдээ