“Хаадын тоглоом”-ын ангиудыг дахин хийхийг уриалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-17 12:04:12

ВАШИНГТОН. /BBC/. HBO” сувгийн шилдэг уран бүтээлүүдийн нэг “Хаадын тоглоом” цувралын наймдугаар бүлгийн ангиудыг дахин хийхийг тус цувралын найруулагч Давид Бениофф, Д.Б. Вейсс нарт уриалсан цахим өргөх бичигт гарын үсгээ зурсан хүний тоо 700 мянга давжээ.


Зохиолч Жорж Р.Р. Мартины “Гал мөсний дуун” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хаадын тоглоом” цувралын сүүлийн ангиудыг шүтэн бишрэгчид нь хурцаар шүүмжилж, урам хугарсан үзэгчид цувралыг дахин хийхийг уриалж эхэлсэн юм.


Тус цувралын наймдугаар бүлгийн “The Bells” хэмээх нэртэй тавдугаар /сүүлээсээ хоёр дахьанги гарсны дараа Change.org уг өргөх бичгийг цахим хуудсандаа байршуулжээ. Одоогийн байдлаар, уг баримт бичигт хүсэлтээ гаргасан хүний тоо 701 мянгад хүрчээ.


"Д.Бениофф, Д.Б. Вейсс нар өөрсдийгөө чадваргүй зохиолч гэдгээ батлан харууллаа" хэмээн өргөх бичигт онцлон тэмдэглэсэн байна. Үүний учир нь Ж.Мартин “The Winds Of Winter” хэмээх дараагийн номоо бичиж байгаа бөгөөд телевизийн цуврал Ж.Мартины зохиолоос өөр төгсгөлтэй байх юм.


Цувралын нэг анги ойролцоогоор 15 сая ам.долларын зардлаар бүтдэг тул HBO” өргөх бичгийн шаардлагыг хүлээж авахгүй байх магадлалтай хэмээн ажиглагчид үзэж байна.


"Хаадын тоглоом" цуврал нь “HBO” сувгийн хамгийн алдартай уран бүтээл бөгөөд хамгийн сүүлд үзэгчдийн хүртээл болсон наймдугаар бүлгийн тавдугаар ангийг л гэхэд 18.4 сая хүн үзжээ. Алдарт цувралын хамгийн сүүлийн анги ирэх долоо хоногийн даваа гарагийн өглөө “HBO” сувгаар гарна.

Холбоотой мэдээ