Монгол дахь Гёте-Иститутын 10 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-05-15 17:08:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь Гёте-Иститутын 10 жилийн ойн баярыг Герман улсын ЭСЯ-нд өнөөдөр тэмдэглэлээ.


ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел Монгол дахь Гёте-Институтын үйл ажиллагааг өндрөөр үнэлж "Соёл ба боловсрол нь 100 жилийн тэртээгээс Герман, Монгол Улсын харилцааны чухал тулгуур багана нь болж байна. Улаанбаатар дахь Гёте-Институт энэхүү харилцаанд сүүлийн 10 жилийн турш голлох үүрэг гүйцэтгэж ирсэн" хэмээн онцлов.

Зүүн Ази дахь Гёте-Институтын бүсийн захирал, доктор Марла Штукенберг, Монгол дахь Гёте-Институт өнгөрсөн хугацаанд олон итгэлцэлт түншлэлийг бий болгон, хөгжүүлэн ирсний ач холбогдлыг онцлон тэмдэглээд энэ нь Монгол Улс, Герман улсын соёлын солилцооны хүрээнд хэл, соёл, боловсролын хөтөлбөрийг идэвхтэй хөгжүүлснээс тод харагдаж байна. Мөн Герман-Монгол орны харилцан ойлголцол, хамтын хэлэлцээнд нэгэн шинэ цонх нээгдсэн. Түүгээр ч зогсохгүй бид найз нөхөд , түншийн хүрээгээ өргөжүүлэн тэлснээр шинэ санаагаа баяжуулан хөгжүүлж, улмаар хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн. Ингэснээр бидний Монголд хийх олон ажлын эхлэл суурь тавигдсан" гэв.

Энэ үеэр Монгол Улсын Консерваторийн захирал, МУУГЗ, профессор Ц.Пүрэвхүү болон Мюнхен хотын хөгжим ба Театр урлагийн дээд сургуулийн Жазз институтын захирал, профессор Клаус Райхшталлер нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар сургуулиуд олон жилийн өмнөөс идэвхтэй хөгжүүлэн ирсэн харилцаагаа улам бататгав.

Монгол дахь Гёте институт нь 2014 оноос  Монголын залуу жазз хөгжимчдийг дэмжин ирсэн бөгөөд үүний нэг нь Гёте хөгжмийн танхим юм.

Монгол дахь Гёте институтын захирал Михаэль Хайнст, “Мартин Ценкерийн удирдсан энэхүү төсөл нь Монголд анх удаа жазз хөгжимд суралцах сургалтыг бий болгосон. Төсөл өргөжсөөр хоёр жилийн дотор 2016 онд Монгол Улсын Консерваторид жазз хөгжмийн бакалаврын сургалт анх шинээр нээгдсэн. Одоогоор Гёте хөгжмийн танхимын 5 төгсөгч болон Мюнхен хотын хөгжим ба Театр урлагийн дээд сургуульд жазз хөгжмийн чиглэлээр суралцаж байна” гэв.

Энэ үеэр тус ЭСЯ-ны Соёлын танхимд Монголын баримтат гэрэл зурагчин Б.Рэнцэндоржийн “Монгол+/-40 градус” гэрэл зургийг үзэсгэлэн дэлгэсэн нь зочдын сонирхлыг татаж байлаа. Ойн баярт соёл, боловсрол, улс төрийн салбарын 120 гаруй зочид оролцсон юм.


Гёте-Институт нь дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулдаг ХБНГУ-ын соёлын байгууллага бөгөөд герман хэлийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын соёлын харилцааг хөгжүүлэх, Герман улсын талаарх мэдээллийг хүргэх чиглэлээр ажилладаг. Монгол дахь Гёте-Институт нь Улаанбаатар хотод 10 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж.


Холбоотой мэдээ