Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Тайшир-Алтай" төслийн үйл явцтай танилцлаа

Фото
185@montsame.mn
2019-05-15 18:44:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг тавдугаар сарын 14-16-нд Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Тэрээр энэ өдрүүдэд тус аймгийн томоохон бүтээн байгуулалттай танилцаж байгаа юм. Тодруулбал, Алтай хотын ард иргэдийн тулгамдсан асуудлын нэг болох ундны усны чанарыг сайжруулах зорилгоор Завхан голоос Алтай хотын төв хүртэлх 50 гаруй км ус дамжуулах шугам хоолой татах "Тайшир-Алтай" тѳслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Барилга хот байгуулалтын яам, Австри улсын "Tiroler Rohre Gmbh" групп болон туслан гүйцэтгэгчээр "Сайрам булган" ХХК-тай гэрээ байгуулан 1.7 сая еврогийн үнийн дүнтэй 40 тоннын 27 чингэлэг шугам хоолой, гурван чингэлэг холбох хэрэгсэл нийт 30 чингэлэг тоног төхөөрөмжийг байгууламжийн талбайд буулгаж, барилгын ажил эхлээд хэвийн, бэрхшээлгүй үргэлжилж байгаа тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.

"Тайшир-Алтай" төсөл Австри улсын 14 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж буй юм.