Мөсөнд авиралтын анхдугаар тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-26 12:27:34

Өмнөговь аймгийн Залуучуудын холбоо, Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран зохион байгуулж буй мөсөнд авиралтын анхдугаар тэмцээн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гурван сайхан уулын үзэсгэлэнт газруудын нэг Мухар шивэртийн амны мөсөн хананд болох ажээ.

Өмнөговь аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой мөсөнд авиралтын тэмцээнд багууд эмэгтэй, эрэгтэй нэг нэг тамирчинтай оролцох юм.

Авиралтын замыг тэмцээн болох тухайн өдөр шүүгч нар тавих бөгөөд Монголын уулсдын үндэсний холбооны шүүгч нар ажиллах юм байна. Мөн тэмцээнд оролцох тамирчидыг гэнэтийн ослын даатгалд хамруулах аж. Уг тэмцээнд 16-40 насныхан оролцох боломжтой ажээ.

Энэ даршамд сонирхуулахад Өмнөговь аймгаас үе үеийн уулчид төрсөн түүхтэй бөгөөд Монголчуудын сайн мэдэх дэлхийн дээвэр Эвристэд гарсан уулчин Өсөхбаяр, Эрдэнэтогтох нар тус аймгаас төрөн гарчээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ