Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийг “А” үнэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-12 22:13:34

Дорноговь /МОНЦАМЭ/.Тавдугаар сарын 09-10-нд Замын-Үүд суманд болсон гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургууль хоёр дахь өдрөө сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлтийн дадлага сургууль, химийн бодисын ослын үед авах хариу арга хэмжээний дадлага болон хээрийн хүн эмнэлгийн  ажиллагаагаар үргэлжлэв.

Өмнөх өдрийн команд штабын сургалтаар олж авсан мэдлэг мэдээллээ бататгах, үүссэн нөхцөл байдлыг судалж цагийн байдлыг үнэлж  ажиллах зорилготой арга хэмжээ үндсэн таван хэсгээс бүрдсэн.


Нүүн шилжих байранд 3000 гаруй иргэн цугларав


Нүүн шилжих байрыг сумын гуравдугаар баг тээврийн үйлчилгээний бүс каргоны урд хэсэгт аюулгүй талбайг бэлтгэсэн бөгөөд иргэдэд  тавдугаар сарын 10-ны өглөө 08:00 цагаас иргэдэд дуут дохио дамжуулснаар цугласан иргэдийг бүртгэсэн.

Нүүн шилжих ажиллагааны үеэр явуулын эмнэлэг 143 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн бол Замын-Үүд дэх Улаан загалмайн салбар хороо цугларсан иргэдэд сэтгэл санааг дэмжих яриа таниулга, аж ахуй нэгжүүдээс иргэдэд халуун цай кофегоор үйлчилсэн юм.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын сургалтын төвийн алба хаагчид газар хөдлөлтийн чичиргээг мэдэрдэг тусгай зориулалтын тоноглогдсон авто машиныг иргэдэд танилцуулж газар хөдлөлтийн аюул ослын талаар мэдээлэл хийв.

 Бэлэн байдлын цүнх бэлтгэх шаардлагатай

Иргэдийг нүүн шилжих байранд цугларах үед Замын-Үүд сумын гуравдугаар багийн Засаг дарга, сумын Улаан загалмайн анхан шатны хорооны Нарийн бичгийн дарга Н.Дунгармаа гамшиг осол тохиолдсон үед хэрэглэх зүйлийн талаар танилцуулсан.

Гамшиг осол тохиолдсон үед тусламж иртэл гурав хоног хэрэглэх хувцас, хүнс, хамгийн багадаа 1.5 литр ус, дулаан хөнжил, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмийн сан, хутга, гар чийдэн, радио, төөрсөн үед газрын чиг баримжааг олох луужин, оо, сойз, алчуур, нийлэг уут, сонин зэрэг зүйлсийг бэлтгэсэн байх  учиртай аж.

Учир нь дулаан хувцасны нөөцгүй үед сонингоо хувцас дотуураа өмсөж ашиглахад осгохоос сэргийлнэ, сонингоороо аяга таваг хийх, гал гаргах зэргээр ашиглаж болдог гэсэн.

Дунд сургуулийн сурагчид, цэцэрлэгийн багачууд нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд оролцлоо 

“Яаралтай цуглар” дохиогоор Замын-Үүд сумын ерөнхий боловсролын гуравдугаар  сургуулийн 10 б ангийн 31 сурагч, гуравдугаар цэцэрлэгийн нэг бүлгийн 25 хүүхэд, эцэг эхийн төлөөллийн хамт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд оролцлоо.

Гамшиг тохиолдсон үед хамгийн түрүүнд юу хийх тухай өмнө нь сургалтаар мэдээлэл олж авсан тул хүүхдүүд яарч сандралгүй байгууламжаас гарах, хана, булан, даацын багана гэх мэт аюулгүй газар хорогдох зэрэг алхмыг хийсэн.

Нүүлгэн шилжүүлэх түр байрны схемийг цогц байдлаар хийжээ


Иргэдийг нүүлгэн шилжүүлэх түр байрны схем зураг, төлөвлөгөөний дагуу цэцэрлэгийн хүүхдүүдийн хичээлийн байр, цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүдийн хамт байрлах түр байрны гэр, сургуулийн хүүхдийн хичээлийн байр, гал тогоо, хүнсний агуулах, хооллох заал, ариун цэврийн өрөө, хүмүүнлэгийн тусламж, эмнэлгийн анхан шатны тусламжийн байр, банк, үүрэн телефон, худалдаа үйлчилгээний байр, нийтийн бие засах газар, уст цэг, усны нөөцийн сав, хог хаягдлын сав, мэдээллийн байр, урлаг, соёлын арга хэмжээний талбай зэрэг шаардлагатай байгууламжийг барьсан харагдана.

Иргэдийг нүүлгэн шилжүүлэх түр байрны бэлтгэл ажлыг хангахад Хотын захирагчийн ажлын алба, "Голден гранд" жуулчны бааз, Татварын тасаг, “Чандмань бадрал” ХХК, “ЗҮ НААҮ ОНӨ”ХХК, Сүлд багийн ажлын алба, Хилийн цэргийн 0108  дугаар анги, Цагдаа, Онцгой байдал, эмнэлэг,  гуравдугаар цэцэрлэг,  ерөнхий боловсролын  гуравдугаар сургууль, Төмөр замын ачаа шилжүүлэн ачих анги, “Борхойн зам” ХХК, “Скайтель”, “Юнитель”, “Төрийн банк”, худалдаа үйлчилгээний “Баянтүшлэг” ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага аж ахуй нэгжүүдтэй хамтран ажилласан байна.

Газар хөдлөлтөд өртсөн хүмүүсийг аварч, эмнэлгийн тусламж үзүүлэх даалгавар

Дараагийн дадлага сургууль газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний  сэдвээр үргэлжилж нийт 14 байгууллага, 116 хүн, 20 техник хэрэгслийг дайчлан сумын Онцгой байдлын хэлтэс зохион байгуулав.

Газар хөдлөлтийн үед барилга байгууламж нурж, гал түймэр гарч,100 гаруй хүн газар хөдлөлт, гал түймрийн аюулд нэрвэгдсэн гэх дуудлагын дагуу мэргэжлийн ангиуд богино хугацаанд шаардлагатай арга хэмжээ авч ажилласан.

Дадлага сургуулилтаар бэртэж гэмтсэн хүмүүсийг байгууламжаас гаргах, гал унтраах, эмнэлгийн анхан шатны болон  хүмүүнлэгийн тусламж үзүүлэх сургуулилт хийсэн.

Химийн бодисын ослын үед авах арга хэмжээг гүйцэтгэв

Удаах даалгавар газар хөдлөлтийн улмаас химийн аюултай бодис ачиж явсан авто машин онхолдож химийн бодис материал газарт асгарсан төдийгүй ойр орчмын хүмүүс, байгаль орчинд сөргөөр нөлөөлж эхэлсэн талаарх мэдээллийн дагуу Замын-Үүд сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиуд хэрхэн ажиллах тухай байсан.

Дадлага сургууль нь химийн бодисын ослын үед авах хариу арга хэмжээний дадлага туршлага олгох, осолд өртөгсдийг аврах, байгаль орчинд учруулсан хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хилийн боомтын нэвтрэх цэг орчимд химийн бодисын осол болсон тохиолдолд хил хяналтын байгууллагуудын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой болгох, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой гэж албаныхан тодотгосон.

Дадлага сургууль химийн хорт  бодисыг саармагжуулах, ойр орчмын  газрыг аюулгүй болгох зэрэг ажлаар үргэлжилсэн.

Хээрийн эмнэлгийн үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгууллаа

Тав дахь нь буюу газар хөдлөлт хийгээд гамшиг осолд өртсөн иргэдэд эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх даалгаврыг эмнэлгийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн.

Тархи толгойндоо доргилт авч ухаан алдсан, бэртэж гэмтсэн, шарх сорви авсан  хүмүүст эмнэлгийн түргэн тусламж үзүүлж шаардлагатай  эм тариагаар хангах, мэс засал хийх зэрэг  ажлыг гүйцэтгэсэн юм.

Гамшиг ослын үед ажиллах эмнэлгийн байгууламжийн эргэн тойронд хүлээн авах яаралтай эрчимт эмчилгээний хэсэг,  мэс засал, гэмтлийн тасаг, удирдлагын байр, төрөх эмэгтэйчүүдийн тасаг, лаборатори, эмийн сан, хүүхдийн  кабинет, дотрын тасаг,  халдвартын тасаг, шүдний кабинет, сэргээн засах, чих, хамар хойлойн кабинет, халдвартын кабинет зэрэг шаардлагатай бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлжээ.

Нүсэр хийгээд хариуцлагатай дээрх дадлага сургуульд эмч болон эмнэлгийн ажилтнууд ажлынхаа хажуугаар цаг заваа зориулж анхаарал хандуулан ажилласан байна

Монгол Улс бусад оронтой харьцуулахад аймшигт цунами, далайн шуурга хол хэдий ч цас зуд, гал, ус газар хөдлөлтийн аюул байнга дагаж байдаг.

Ялангуяа улсын хилийн хамгийн том боомт хот Замын-Үүдийн хувьд химийн хорт бодис хилээр нэвтрэх, хил дамнасан хүн малын халдварт өвчин, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, нийтийн тээврийн осол гээд гамшиг осол хаалга тогшиж байдаг тул үүнд бэлэн байх, урьдчилан сэргийлэх, гамшиг осол гарсан тохиолдолд бэлэн байдлыг  сайтар хангаж ажиллах шаардлагатай тулгардаг тухай албаныхан онцолсон.

Иж бүрэн сургуулиар мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, гамшиг ослын үед баг болж түргэн шуурхай ажиллаж сурах, иргэд юу хийх, мэргэжлийн анги байгууллагууд юу хийх, хэрхэн яаж ажиллах талаар тодорхой ойлголттой болж байгаа нь хамгийн чухал  гэж албаныхан дүгнэсэн. Мөн дээрх дадлага сургуулилтад төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд иргэдийг татан оролцуулсан нь олон нийтийн оролцоог хангах чухал ажил болжээ.

Дадлага сургуулилтын төгсгөлд хоёр өдрийн арга хэмжээний гүйцэтгэлийг хэлэлцэн аймгийн Онцгой байдлын газраас орон нутгийн албаны бэлтгэл бэлэн байдалд 92, “Яаралтай цуглар” дохиогоор ажилласан байдалд 87, штабын дадлагын сургуульд 88, гамшгаас хамгаалах дадлага сургуульд 98, удирдах бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн сорилд 94 хувийн үнэлгээ өгч, нийт дүнгээр Замын-Үүдэд болсон гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг  91.8 хувь буюу “А” үнэлсэн юм.

Дээрх дадлага сургуульд оролцсон иргэд, албан байгууллагын алба хаагчдад сумын Засаг дарга Н.Алдарбаяр, аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дадлага сургуулийн  удирдагч, дэд хурандаа Д.Бэхбаяр нар баяр хүргэж талархал илэрхийлсэн.  
Мөн сумын ЗДТГ-аас дадлага сургуульд 
идэвх чармайлт, сэтгэл зүтгэл гарган оролцсон баг хамт олныг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнасан бол зарим байгууллагын удирдлага, алба хаагчдад талархал хадгалуулав.     



Холбоотой мэдээ