Команд штабын сургууль “Дүүрэн хангалттай” үнэлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-11 22:40:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 9, 10-ны өдөр Дундговь аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд тус аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд идэвх санаачилгатай оролцсоныг Команд штабын сургуулийг удирдаж ажилласан  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцолж, дадлага сургуулийг “дүүрэн хангалттай” хэмээн дүгнэснийг Онцгой байдлын газраас мэдээллээ.   

Монгол Улсын Шадар сайдын Дундговь аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Дундговь аймагт ийнхүү амжилттай зохион байгуулжээ.

Энэ үеэр аймгийн Засаг даргын захирамжаар бүх байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, дөрвөн өдрийн турш архи, согтууруулах ундаа зарахыг хориглож, энэ хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль 09-ний өдрийн 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж, болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах зорилготой удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтыг зохион байгуулжээ.

Команд штабын сургуулийн үйл ажиллагаанд аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах 13 алба, тусгай зориулалтын 14 мэргэжлийн ангийн нийт 515 хүн, 300 орчим техник хэрэгсэл, 5000 гаруй багаж зэвсэглэмжтэйгээр хамрагдсан хэмээн аймгийн ЗДТГ, ОБГ-аас мэдээллээ.

Хаалтын үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Команд штабын сургуулийг амжилттай зохион байгуулахад удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярт талархсанаа илэрхийлж, “Дундговь аймгийн хүндэт тэмдэг”-ээр, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Сургалт сурталчилгааны хэлтсийн дарга дэд хурандаа Д.Бат-Эрдэнийг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнажээ. 

Холбоотой мэдээ