Хэнгэрэг нөхөх хагалгааг орон нутагт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-10 16:15:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг эмч нараа чадавхжуулах, үйлчлүүлэгч, өвчтөнүүддээ зардал чирэгдэлгүй орон нутагтаа эмчлүүлэх боломжийг олгож, УНТЭ-ийн чих хамар хоолойн тасагтай хамтран аймагтаа чихний хэнгэрэг нөхөх хагалгааг хоёр дахь удаагаа амжилттай хийлээ.

Энэ удаагийн хагалгааг УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасгийн их эмч З.Мэндсайхан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн их эмч У.Цэрэндэлгэр, сувилагч Х.Уранбайгаль нар 22-40 насны 3 өвчтөнд чихний хэнгэрэг нөхөх энэ хагалгааг хийжээ.

Чихний хэнгэрэг нөхүүлсэнээр чих шуугих, толгой эргэх, тэнцвэр алдагдах, сонсгол муудах, дунд чихний үрэвслээс үүдэх тархины буглаа гэх мэт хүндрэлээс сэргийлдэг ажээ.

Орон нутагтаа өөрийн эмч нарт ийм хагалгааг бие даан хийх чадвар эзэмшүүлж, цаашдаа хагалгааны багаж төхөөрөмжтэй болбол өвчтөнүүддээ чирэгдэлгүй хагалгаа хийх боломж бүрдэнэ хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал танилцууллаа.

Одоогоор УНТЭ-ийн Чих хамар хоолойн тасгийн эмч нар Улаанбаатараас багаж тоног төхөөрөмжтэйгөө ирж хагалгааг орон нутагт хийж байгаа бөгөөд хэрэв хэнгэрэг нөхөх  шаардлагатай өвчтөн байвал дахин ирж хагалгаа хийх боломжтой ажээ. 

Холбоотой мэдээ