Б.Дүгэржав: Бид “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-09 12:08:27

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавтай уулзаж, орон нутгийн цаг үеийн асуудал, Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд хийж буй ажлын талаар ярилцлаа.  

-Сайн байна уу?. Саяхан хөдөөгийн 16 суманд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулсан. Энэ  ажлын явц,  үр дүнгийн талаар яриагаа эхлэх үү ?

-Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Харин Ховд аймаг төрийн ажлыг сайжруулах, шинэ шатанд гаргах томоохон зорилт дэвшүүлж, “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр” боловсруулан улмаар аймгийн  ИТХ-аар  батлуулан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд иргэд хөдөлмөрчидтэй  уулзаж, санал, гомдол, эрэлт хүсэлтийг нь хүлээн авч, төрийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх, тулгамдсан асуудлыг нь шийдэх зорилгоор аймгийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Тогтвортой амьжиргаа-3 төсөл, Политехник коллеж, Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хөдөөгийн 16 суманд ажиллаад ирлээ.

Зарим тохиолдолд аймгийн төвөөс алслагдсан сумын иргэд төрийн үйлчилгээ авахаар автомашинд зардлаа төлөөд зорьж ирдэг. Харин төрийн үйлчилгээний байгууллагууд харьцангуй ачаалалтай ажилладаг учраас тэдгээр иргэд нэг өдрийн дотор ажлаа амжуулж чадахгүй буцах үе бий. Энэ нь нэг талдаа төрийн үйлчилгээний хүндрэл бэрхшээлтэй тал юм. Тиймээс төрийн үйлчилгээний томоохон байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд газар дээр нь очиж иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, улмаар тэдний санал бодлыг нь сонсож, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх замаар ажилласанд малчид, иргэд хөдөлмөрчид талархаж байсан. Мөн  цаашид  хадлангийн ажлын дараа эсвэл мал төллөлтийн өмнө “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж хэвших шаардлагатай гэсэн саналыг иргэд хэлж байсан юм.

-Тус ажлын хэсэг хэчнээн иргэнд төрийн үйлчилгээ үзүүлсэн вэ?

-Ажлын хэсгийнхэн давхардсан тоогоор 7800 гаруй иргэнд 38 төрлийн төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэн ажилласан. Тиймээс энэ удаагийн “Нээлттэй хаалганы өдөр” тун амжилттай болсон гэж дүгнэж болохоор байна. Тухайлбал, ХХҮГ-ын мэргэжилтнүүд хөдөлмөр эрхлэлт, халамжийн бүх төрлийн үйлчилгээ, Нийгмийн даатгалын хэлтсээс өндөр настны тэтгэвэр, тэтгэмж, сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгалын  чиглэлээр, ГХБХБГ-аас газар эзэмших, ашиглах, өмчлөх, эрх шилжүүлэх өргөдлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх, гэрчилгээ бичиж гардуулах зэрэг байгууллага тус бүр үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байгаа.

-Иргэд хөдөлмөрчидтэй  уулзах үеэр ямар санал хүсэлт уламжилж байв?   

-Иргэд хэд хэдэн нийтлэг санал хүсэлт уламжилж байлаа. Тухайлбал, сумдад нарийн мэргэжлийн эмч болон шүдний эмчтэй болох, хорт хавдрын эрт илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх, цалин, тэтгэврийн зээлийн  хүүг бууруулах, архи худалдан борлуулах цэгийг  цөөрүүлэх, засмал  замын арчилгаа, хамгаалалтад  сум орон нутгийн зүгээс  тавих хяналтыг сайжруулах, ноос ноолуурын үнэ ханшийг тогтвортой болгож, улмаар ноосны урамшууллыг хуулийн хүрээнд үнэн зөв бичиж олгох, зарим суманд халуун усны барилгыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлж байна.  

-Иргэдийн санал хүсэлтийг  хэрхэн шийдвэрлэж ажилласан бэ?

-Бид зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Алтай суманд нярайн шарлагын аппарат, тус сум болон Үенч, Мөст, Булган суманд  сургуулийн нэг ангийн ширээ сандлыг шинэчлэх, Дөргөн суманд 6 дугаар сард шинэ эмийн сан нээн ажиллуулах, Чандмань суманд үндэсний соёлын уламжлалт өв болох хөөмий, бий бийлгээг хүүхэд залууст өвлүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай хөгжмийн зэмсэг худалдан авахад 2,2 сая төгрөг, Мөнххайрхан, Дөргөн, Мянгад сумын Мал эмнэлгийн тасгийн байрны асуудлыг шийдвэрлэсэн гэх мэт.

Түүнчлэн “Монгол мал хөтөлбөр”-ийн хүрээнд сумдад олгосон техник, тоног төхөөрөмж, эд зүйлсийг Мал эмнэлгийн тасгуудад нь хүлээлгэн өгсөн бөгөөд 5 мянган малчин өрхөд өрхийн Эрүүл мэндийн дэвтэр хүлээлгэн өгсөн зэрэг шийдвэрлэсэн олон асуудлыг дурдаж болно.  

-Цаашид төрийн  үйлчилгээг сайжруулах  чиглэлээр  ямар ажил төлөвлөсөн байгаа вэ?

-Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээг тогтмол зохион байгуулж, үйлчилгээний төрлийг нэмэх, чанарыг  нь улам сайжруулах замаар  жилдээ  хоёроос  дээш  удаа  хөдөөгийн сумдаар ажиллаж, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахаар төлөвлөж байна. Мөн сумын иргэдэд зориулж ажлын байрны талаар онлайн буюу зайны, танхимын сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна. Удахгүй болох Засгийн газрын сургалтад 150 гаруй төрийн албан хаагчийг хамруулж, тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн албан байгууллагын бүх шатны ажилтан, албан хаагчидтай уулзах  замаар  нийт албан хаагчдынхаа  90 гаруй хувьд нь хүрч ажиллах юм.

Манай аймгийн төрийн байгууллагууд “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийн хүрээнд  тус бүрийн  ажлаа шинэ шатанд гаргах зорилт тавьж, үр дүн биелэлтийг нь тооцон ажиллаж байна. Энэ  улиралд  багтаан бид  бүх албан  байгууллагынхаа ажилд нь дүн шинжилгээ хийж, заавар зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд 2020 он гэхэд төрийн албан хаагчдын харилцаа хандлага сайжирч, авлига хүнд сурталгүй, түргэн шуурхай, соёлтой төрийн үйлчилгээтэй аймаг болно гэдэгт бид итгэлтэй байна.

Холбоотой мэдээ