“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-05-15 20:32:56

Хэнтий /МОНЦАМЭ/ “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд хэрэгжиж байна. 

Уг хөтөлбөрт нэг хүүхэд 60000 төгрөгийн үнэ бүхий дараах үйлчилгээг нэг удаа үнэ төлбөргүй авахаар заажээ. Үүнд: урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгөх, цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт хамаарна.

Амны хөндийн эрүүлжүүлэх үйл явц, тухайн хүүхдийн цоорсон шүдний тоо, цоорлын хүнд хөнгөнөөс шалтгаалан давтан ирэлтийн тоо дунджаар 8-12 удаа байна. Ингэхдээ эцэг, эх, асран хамгаалагчид нь тухай бүртээ хурууны хээгээр бүртгэлээ баталгаажуулах аж.

Эхний ээлжинд шалгаруулалтад тэнцсэн эмнэлгүүд Хэрлэн сумын хүүхдүүдэд үйлчилж байна. Харин удахгүй дахин шалгаруулалт зарлах бөгөөд тэнцсэн эмнэлгүүдэд сумдыг хуваарилан ажиллуулах юм байна. 

“Эрүүл шүд- эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2018-2022 онд нийт 37 тэрбум төгрөгийн төсвөөр хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн онд гаргасан. Хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр буурна гэж үзэж байгаа юм. Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, мөн эмчилгээний цаг хугацаа урт зэрэг нь шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог байна.


Холбоотой мэдээ