Төмөр зам барих хөрөнгийг зургаан компани шийдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-07 17:40:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр дээрх тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж, дэмжлээ.


Тогтоолын төслийн ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр сонордуулав. Тэрбээр танилцуулгадаа, Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж, Нарийн сухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж, экспортлох шинэ гарцыг нээснээр манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ гэдгийг дурдлаа. Мөн тээврийн өртөг 2-4 дахин буурахын зэрэгцээ хүрээлэн буй орчин, аюулгүй ажиллагааны нөхцөл сайжрах зэрэг олон талын ач холбогдолтойг танилцуулав. 


Тавантолгой-Гашуунсухайтаас баруун тийш 46.2 км уурхайн зориулалттай төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэхээр төсөлд тусгасан бөгөөд тус ордыг олборлож буй зургаан компани бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хамтран шийдвэрлэх юм байна. Холбогдох шийдвэр гарсан тохиолдолд төмөр замын бүтээн байгуулалтыг зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой гэлээ. 


Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Эрдэнэбат нар байр сууриа илэрхийлж, санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий шийдвэр гаргах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Холбоотой мэдээ