Банкны хөгжлийн түүхэн баримт, эд зүйлсийн үзэсгэлэн гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсад банк санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож буй. Тус ойн хүрээнд Баянхонгор аймгийн банк санхүүгийн байгууллагууд олон талт ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна.
Ойн ажлын хүрээнд аймгийн Хөгжимт драмын театрт банкны хөгжлийн түүхэн баримт, эд зүйлсээр иргэдэд мэдээлэл хүргэх нээлттэй өдөрлөгийг Баянхонгор аймаг дахь Монгол банкны салбар, ХААН, Төрийн банк, Голомт, Хас банкнаас хамтран зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, банкуудын удирдлага хамт олон, иргэд хөдөлмөрчид оролцов.
Үзэсгэлэнд, бидний нэрлэж заншсанаар “Данзангийн доллар”-оос эхлээд 2019 онд Голомт банкнаас шинээр гаргасан нэг унци алтан гулдмай хүртэл нийт 95 жилийн түүхийг харуулсан 140 гаруй үзмэр тавигджээ. Мөн үеэр Баянхонгор аймагт үйл ажиллагаагаа явуулж буй банкууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан ажилласан байна. Тус аймагт арилжааны дөрвөн банк тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр банкны 53 салбар нэгжид 260 гаруй ажилтан, ажиллагсад ажиллаж байгаа аж.
Монгол Улсад анх 1924 оны зургадугаар сарын 24-ний өдөр Орос, Монголын хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалтайгаар Худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулж байжээ. Үүнээс хойш 1990 оныг хүртэл нэг тогтолцоот банкны үйлчилгээг Монголын ард түмэн авч байсан бол 1991 онд банкны хоёр шатлал буюу арилжааны банк нэвтэрснээр хойш өдгөө манай улсад 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна.
Сүүлийн жилүүдэд банкны системийн үйл ажиллагаа цахим хэлбэр рүү түлхүү хөгжиж ард иргэдэд илүү шуурхай, цаг хугацаа хэмнэсэн байдлаар үйлчилгээгээ хүргэхийг чухалчилж байгаа аж.