“Зээлийн батлан даалтын сан”-гаар дамжуулан 10 иргэн 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Зээлийн
батлан даалтын сан”-аас 2018 оноос хойш 10 иргэн, аж ахуйн нэгж 1.2 тэрбум
төгрөгийн зээл авчээ. Тодруулбал, өнгөрсөн онд гурван иргэн, таван аж ахуйн
нэгж нийт нэг тэрбум 49 сая төгрөгийн зээл авсанаас 578 сая төгрөгийг төр
батлан даасан бол энэ онд нэг иргэн, нэг аж ахуйн нэгж 178 сая төгрөгийн зээл
авчээ.
“Зээлийн батлан даалтын сан”–гийн тухай хууль нь 2012 оноос хэрэгжиж
эхэлсэн бөгөөд 2017 оноос Азийн хөгжлийн банкнаас “Зээлийн батлан даалтын сан”–г
санхүүжүүлж эхэлжээ. Ингэхдээ үйлдвэр, үйлчилгээ явуулах хүсэлтэй ч барьцаа хөрөнгөгүй иргэн, аж ахуйн нэгжид 10 жилийн хугацаатайгаар
барьцаа хөрөнгөнийнх нь 30-60
хувийг батлан дааж нэг тэрбум төгрөг хүртэлх зээл олгож эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл,
барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа иргэдийн өмнөөс төр батлан дааж байгаа гэсэн
үг юм. Дээрх зээлийг дөрвөн банкаар дамжуулан олгож байна.
Өнгөрсөн онд аймгийн Засаг дарга “Зээлийн батлан даалтын сан”-тай гэрээ
байгуулснаар төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Үүний хүрээнд плитаны цавуу, хар
замаск үйлдвэрлэдэг “Нарантунамал” ХХК барьцаа хөрөнгөнийхөө 60 хувийг батлан
даалгаж 120 сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмжөө сайжруулж, хоёр ажлын байр
нэмсэн бол “Үржих таван эрдэнэ” ХХК 33 сая төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа
өргөжүүлжээ. “Зээлийн батлан даалтын сан”-д хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн
нэгжийг ХХААГ бүртгэж, үйл ажиллагааг нь хянадаг ажээ.